УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаандаа “Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл”-ийг танилцуулсан нь нэлээн шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, бүлгийн гишүүд намын болон бүлгийн эсрэг нэгдсэн чуулган болон байнгын хороон дээр санал өгвөл 10 оноо хасах цаашлаад эсрэг санал өгсөн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тухай зүйл заалтыг багтаасан байна. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхэнд халдсан, заавал намын бүлгийн шийдвэрийг дагах ёстой гэж тулган шаардаж буй хэлбэр гэж цөөнгүй гишүүн үзэж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Харин Налайх, Багахангай, Багануур дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дэмжиж байгаагаа илэрхийлж, " Ер нь зөв шүү дээ. УИХ-ын гишүүний үг хэлэхийг эрхийг хаагаагүй. Бүлгийн хурлаараа яриад улс төрийн шийдвэрээ гаргах ёстой. Манай нам буруу шийдвэр гаргадаггүй. Олонхоороо ярьсан тохиолдолд ямагт зөв шийдвэр гаргадаг. Бид ард түмнээс биш намаас нэр дэвших эрхээ авч байгаа. Энэ намаас нэр дэвшсэн юм бол бодлогыг нь дэмжээд, хамтраад явах ёстой. Ялангуяа жагсаалтын гишүүд урилгаар орж ирчхээд бүр илүү намын бодлогод нэгтгэхдэх ёстой. Үүнд эмзэглэх ёсгүй. Ажлаа хий гэдэг байдлаар шахалт үзүүлэхээр зарим гишүүд өрвөлзөж байна лээ" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Өнгөрсөн жил Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн албан хаагчдыг өвдөгөөсөө дээш хэмжээтэй богино юбка өмсөж, хумсаа будаж, үсээ задгай тавихыг хоригдох хэрэгтэй гэх саналыг гаргаж байв. Энэ мэт хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ хүний Үндсэн хуулиар олгосон эрхэнд байнга халддаг тус гишүүнийг олон нийт шүүмжилж байна.