УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай холбоотой асуудлаар танилцуулга өгнө үү гэх агуулгаар долоо хоногийн өмнө Улсын дээд шүүх рүү бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн дагуу танилцуулга ирэх байх. Ирэнгүүт нь байнгын хороогоор танилцана. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэлэлцэх эрхгүй учраас байнгын хороо, чуулганы хуралдаанаар танилцана. Шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүнд өөрөөр үйлчлэхгүй. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой" гэсэн тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 оны хугацаанд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Улсын дээд шүүхээс Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүх ийнхүү шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах нөхцөл бүрдэж буй. Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж заасан. Шүүхийн шийдвэр хэдийн гарч, хэргийн холбогдогч шүүхийн тогтоолыг гардан авсан ч өнөөг хэр УИХ энэ асуудлыг шийдэж чадаагүй байна.