С.Одонтуяа: Хар галууны өндгийг хагарахгүй байлгах арга хэмжээ авч, тоо толгойг нь цөөрүүлэхээр төлөвлөж байна

С.Одонтуяа: Хар галууны өндгийг хагарахгүй байлгах арга хэмжээ авч, тоо толгойг нь цөөрүүлэхээр төлөвлөж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр сүүлийн үед тоо толгой нь ихээр өсөж загасны хөнөөлт дайсан болоод буй гэгдэх хар галуу шувууны тоо толгойг хэрхэн зохицуулах талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Би бол мэргэжлийн хүн биш. Мэргэжилтнүүдтэй уулзахаар "Хар галууг устгах шаардлагагүй. Байгаль өөрөө зохицуулдаг юм. Хүчээр устгаж болохгүй" гэдэг. Би хариуд нь "Хэтэрхий их болчихоод загасыг байхгүй болгож байна гээд орон нутгийн иргэдээс их гомдол ирэх юм" гэж хэлдэг. Ийм ойлголтын зөрүү үүсээд байгаа. Гэхдээ нэг аргын тухай ярьсан. Хар галууг буудаж устгахын оронд дэлхийн бусад улс оронд хэрэглэдэг өндгийг нь тусгай бодисоор гаднаас нь будах байдлаар бүрхэх аргыг хэрэглэхээр төлөвлөж байгаа. Ингэсэн тохиолдолд өндөг нь хагардаггүй, өндөг чигээрээ үлддэг юм билээ" гэжээ.