Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгснөөс гадна ААН-үүдээс тавьсан зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр болов.
Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг бөгөөд гадаад худалдааны эргэлтэд хүч нэмэх чухал гарцуудын нэг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцах төдийгүй хүлээгдэж буй уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм.
Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд Ажлын хэсэг төвлөрч буй. Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 55 хувь, зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь гардаг. Тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна.
Гашуунсухайт боомтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн үнийн уналтаас үүдэн хилийн татан авалт буураад байгаа. Яг энэ байдал Шивээхүрэнгийн боомт дээр ч яригдаж байна.
Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө бууруулах, экспортын бодит хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ онд 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж, шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тус боомтоор ААН-үүд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс экспортолжээ.
Өдгөө уурхай гүнзгийрч, хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж, тээврийн зай уртсан, нүүрс олборлолтын өртөг жил бүр өсөж байгааг аж ахуйн нэгжүүд хэллээ. Мөн нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийг эргэн харах, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлын нэг болж байгааг дурдлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн түвшинд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг даван туулна гэлээ.
Сүүлийн өдрүүдэд хил, гаалийн дотоод сүлжээний доголдлоос үүдэн нүүрсний тээврийн нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтод удааширсан байна. Энэ байдлыг даруй сайжруулах, сүлжээний доголдол цаашид үүсэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд сайд нар даалгалаа.