"Чоно агнахдаа зөвшөөрөл авдаггүй болох" УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын хуулийг төслийг АН-ын бүлэг дэмжжээ

"Чоно агнахдаа зөвшөөрөл авдаггүй болох" УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын хуулийг төслийг АН-ын бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хуулийг Ардчилсан намын бүлгийн өчигдрийн /2025.03.24/ хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнах гэж буй бол Амьтны тухай хуулийн 25.1-д заасны дагуу зөвшөөрөл авдгийг болиулах заалтыг тус хуульд нэмэлтээр оруулахаар төсөл боловсруулсан байгаа юм. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Амьтны тухай хуулийн 28.3.2-т заасны дагуу бол чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэл хоногийн хугацаатай олгодог бөгөөд төлбөрийн хэмжээг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-д тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувиар буюу 226,000 төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувиар буюу 22,600 төгрөгөөр тус, тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрлийг 248,600 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэвч иргэд, малчид чоно агнах, түүнтэй холбоотой төлбөр, зөвшөөрлийн талаар доорх саналыг хууль санаачлагчид хэлжээ. 

  • Нэгдүгээрт, ан агнах зөвшөөрлийн тав хүртэлх хоногт ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж зөвшөөрөл авах сонирхолгүй байдаг. Мөн чоно агнах зөвшөөрлийн төлбөр өндөр тул зөвшөөрөл авах боломж малчдын хувьд хязгаарлагдмал байна.
  • Хоёрдугаарт, хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авахад шаардлагатай олон баримт бичиг бүрдүүлэх нь малчин иргэдийн хувьд хүндрэлтэй байдаг бөгөөд тухайлбал, ангийн буу өмчлөх, эзэмших зөвшөөрөл авахад хүндрэлтэй байдаг.
  • Гуравдугаарт, малчин иргэд зөвшөөрөлгүй чоно агнавал торгууль өндөр, чоно хүн рүү болон мал руу дайрвал заавал зөвшөөрөл авч байж буудахгүй бол зөвшөөрөлгүй ан агнасан хэргээр торгууль оногдуулах заалттай учир иргэд чоно агнахгүй байгаагаас болж чоно элбэгшиж, хүнээс айхгүй түвшинд хүрсэн. Мөн чоно ихэссэнээс бодын төл авч чадахаа байхад хүрч байгаа нь малчдын амжиргаанд нөлөөлж байгаа тул үүнийг амьдралд тохиромжтой байдлаар зохицуулж өгөхийг хүсч байна гэсэн саналыг ихээр тавьсан гэж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тайлбарлажээ.