АН-ын бүлгийн хаалттай хурал ширүүн маргаантай болж "Айлын хатавчинд суучхаад томилгоо ч хийх эрх мэдэлгүй байна" гэж О.Алтангэрэл сайдыг загнажээ

АН-ын бүлгийн хаалттай хурал ширүүн маргаантай болж "Айлын хатавчинд суучхаад томилгоо ч хийх эрх мэдэлгүй байна" гэж О.Алтангэрэл сайдыг загнажээ

Өнгөрсөн оны долдугаар сард /2024.07/ АН-ын бүлэг Хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлаас болж ширүүн маргасан байдаг. Уг асуудлыг бүлгийн хурлаар эцэслэн шийдвэрлээгүй байхад намын дарга Л.Гантөмөр нь гүйж очоод Засгийн газарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурчихсан тухай гишүүд нь ярьдаг. 

-ЗАСГИЙН ГАЗАР ТӨСӨВ ТЭЛНЭ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ НҮҮРСИЙГ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ҮНЭЭР ЗАРНА ГЭЭД ДЭВРҮҮН ЮМ ЯРИАД БАЙСАН. ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРНЭ-

Үүнээс хойш тус бүлэг Засгийн газрын асуудлаар маргаан шүүмжлэл өрнүүлэлгүй энэ хүрсэн. Гэтэл өчигдрийн /2025.03.25/ ээлжит хурлаараа АН-ын бүлэг Засгийн газар түүнд хамтарсан найман гишүүнээ хатуу шүүмжилж, энэ нь сүүлдээ ширүүн маргаанд хүргэсэн талаар эх сурвалж мэдээлэв.

АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар макро эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлаар, Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Ноорог.мн" сайттай холбоотой асуудлаар тус тус хаалттай мэдээллийг өгсөн. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр "Гадаад орлого буурсан, инфляци 9.6 хувь болж хоёр оронтой тоо руу ойртсон, төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар тасарсан учир эдийн засаг харьцангуй хүндэрч болзошгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины байгуулсан Евразийн эдийн засгийн холбоонд шахалтаар элсэж байна. Гэхдээ хэлэлцээрийг маш сайн хийсэн. Элсэх ажил ерөнхийдөө дууссан бөгөөд 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татваргүйгээр оруулж ирнэ" зэргээр танилцуулжээ.

Харин бүлгийн гишүүдийн зүгээс "Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэж юу яриад байнаа, бүрдээгүй байтугай цаг хугацаа алдаад байна.  Оны эхний хоёр сарын байдлаар 700 гаруй сая доллараар интервенци хийсэн байна. Нөхцөл байдал энэ чигээр хоёр сар үргэлжлэх юм бол валютын нөөцөө шавхана. Хоёр тэрбум долларын бараг талаар нь эхний хоёрхон сард интервенци хийсэн байна. Аль арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарчихсан байсан. Тэр үед төсөв тэлнэ, түүхэнд байгаагүй нүүрсийг түүхэнд байгаагүй үнээр зарна гэсэн дэврүүн зүйл яриад байсан биз дээ. Ерөнхий сайд нэг тэрбум доллар олж ир гэсэн даалгавар өгсөн гэж байна. Эдийн засгийг захиргааны аргаар даалгавар өгөөд шийдчихдэг юм биш. Юу яриад байнаа" зэргээр шүүмжилсэн байна. 

Мөн зарим гишүүд Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг шүүмжилж 375 төрийн барааг импортгүйгээр оруулж ирж Монголын аж, ахуй нэгжийг татан унагах гэж байна. Дэлхий нийт худалдааны хориг саад, тариф татварын хамгаалалтыг хийж байхад манайх шиг жижиг эдийн засагтай орон бүх зүйлд нээлттэй байх нь зөв үү гэдэг байр суурийг илэрхийлжээ. Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, соёрхон батлах юм. 

-ТА НАЙМАН ГИШҮҮНИЙГ САЙД БОЛГОХ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТРААГҮЙ ШҮҮ. ЭРХ БАРИГЧДАД ДОЛИГНОЖ "ГАР ХӨЛ"- НЬ БОЛОХОО БОЛЬ ЗЭРГЭЭР ШҮҮМЖИЛСЭН БАЙНА -

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн "Ноорог.мн" сайттай холбогдуулан өгсөн мэдээлэл эхлэх үед хэрүүл маргаан болж АН-ын бүлгийн гишүүд "МАН-ын өмнөөс гал үүрч байна. Эрх баригч нам та нарын гараар могой бариулж Ардчилсан намыг олон нийтэд муухай харагдуулж байна.

Бүх муу муухайгаа та нараар хийлгэснээс болж АН үнэт зүйлээсээ ухарч буй мэт ойлголтыг нийтэд өгөөд байна. Айлын хатавчинд суучхаад томилгоо ч хийх эрх мэдэлгүй байгаа биз дээ. Та 8 гишүүнийг сайд болгох гэж Засгийн газарт хамтраагүй шүү. МАН-д долигнож гар хөл нь боллоо.

Хамтарсан юм бол хамтарсан шиг хамтраад өөрсдийн гэсэн байр суурьтай бай. Ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө хөндөгдөх ёсгүй, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь ардчиллын индекс буурахад нөлөөлсөн, эрх баригчдын эсрэг дуугарсан хэн нэгнийг яаж ийж байгаад дүүжилдэг зэрэг нь манай индексийг унагалаа. Ардчилсан нам цөөнх атлаа эрх баригчийн байр сууринд байгаа нь ч үүнтэй холбоотой. О.Алтангэрэл Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудынхаа хүний нөөцийг тэр чигээр нь өөрчилж, системийг задлах ёстой. Хүнээ  ч томилж чадахгүй эрх мэдэлгүй сайд байж болох юм уу. Энэ хугацаанд бүхий л шатанд шинэчлэл хийх ёстой" гэсэн байна. 

Мөн энэ үеэр зарим гишүүд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг ганцаарчилсан улс төрийн тоглолт хийж Засгийн газрыг огцруулах санал гаргасан нь буруу. Бүлгийн хурлаар хэлэлцүүлж нэгдсэн шийдвэр гаргах байсан гэж загнасан бол дийлэнх нь "Яагаад санал гаргаж болдоггүй юм. Санал гаргасных нь төлөө маш өргөн фронтоор зохион байгуулалттайгаар хувь хүн, орон байр руу нь хүртэл дайрч байгаа нь эрх баригчдын ардчиллыг хэврэгшүүлж буй үйлдэл, эд нар үүндээ бүр илүү сурамгай боллоо" гэж өмөөрсөн талаар эх сурвалж мэдээлэв. Цаашлаад тус бүлгийн олонх гишүүд тоон мэдээлэл, дата анализид суурилсан бодлогын шийдвэрээс илүүтэй PR Суурьтай олон нийтийг сэтгэл хөдөлд автуулж тархи угаах аргачлалаар улс орны шийдвэрийг гаргадаг боллоо.Санхүү болон эрх мэдлээр зэвсэглэсэн PR багийн ажил хэрээс хэтэрч ,хуулийн байгууллагаар ямар үр дүн гаргуулж юу гэж тайлбарлах вэ гэдэг томоохон ажиллагааг явуулж байна гэсэн байна.