НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө. Энэхүү санаачилгын хүрээнд Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдарч буй 1,000 гаруй хүүхэд гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх хөгжил, боловсролд хамрагдах боломжтой болж буй.
“Таблеттай багш” санаачилга нь алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах үйлчилгээний хувилбар, арга зүйг хөгжүүлэн өргөжүүлэх зорилготой юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа энэ үеэр “Хүүхэд таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг учраас энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэдэг. Насан туршийн амьдралын чанарыг тодорхойлохуйц энэ чухал үед нь ХААН Банк хүүхдэд чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэхээр “Таблеттай багш” санаачилгыг дэмжин хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд буй бага насны хүүхдүүдэд гэртээ ээж, аавтайгаа багшийн чиглүүлгээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх энэхүү гэгээлэг үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
