Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг боловсруулж, түүнийг нь Г.Занданшатар даргатай парламент 2023 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа баталж байв. Тус хуулийг дагалдуулж “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг батласан бөгөөд ингэхдээ иргэний өмчлөх эрхэнд ноцтойгоор халдсан заалтыг тусгаж, хүнийг өмч хөрөнгөө зарж чадахгүйд хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй" гэсэн заалтыг тусгаж өгсөн байдаг.
Гэвч энэ заалт нь Үндсэн хуулийн 1.2, 5.2, 16.3 дахь хэсгийг тус, тус зөрчиж байж болзошгүй учир нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гарган маргаан үүсгүүлж чадсан. Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гуравдугаар сарын 13-нд хэлэлцэхээр товлосон ч дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Мөн уг асуудалд шинжээч томилохоор болжээ.
Тус хуулиар иргэн өөрийн үл хөдлөх хөрөнгө болох газар, орон сууцыг өмнө нь авсан үнээсээ хямдруулж зарах боломжийг энэ заалтаар хааж өгсөн байгаа юм. Хүмүүс яаралтай нөхцөлд цаашлаад мөнгөний зайлшгүй хэрэг гарсан тохиолдолд өөрийн өмчийг хямдруулж зардаг жишиг бий. Гэтэл дээрх заалтаар уг харилцааг хориглож, анх авсан үнээр л зарах боломжтой болгосон байна. Хэрвээ иргэн өмч хөрөнгөө анх авсан үнээрээ зарахгүй бол улсын бүртгэл дээр нэрийг нь шилжүүлэхгүй, гацаах нь.