УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийн хуралдаан өнөөдөр /2025.03.20/ боллоо.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр " Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Сангийн яам, Татварын албаны төлөөлөл Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаад ирсэн. Тэд 2030 он хүртэл тамхинд ногдуулах татварыг ямар хэмжээтэй байлгаж болох вэ гэдэг зөвлөмжийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авчирсан байна. Энэ зөвлөмжтэй танилцлаа. Үүнийг яаж Монголын нөхцөлд тааруулах вэ гэдэгт санал солилцлоо. Тамхины тухай хуулийн үзэл баримтлалыг ярилцаж тодорхой болгосон. Тамхины хэрэглээг багасах ёстой. Ингэхийн тулд татварын орчин, зарж борлуулж байгаа хэсэгт өөрчлөлт оруулах ёстой.
Электрон тамхийг тамхи гэж тооцохгүй байгаа учраас онцгой албан татвар авч чадахгүй байгаа юм. Энэ тамхийг насны хязгааргүй хаа, сайгүй хэрэглэж байна.
Тиймээс үүнийг тамхи гэж тооцох ёстой ингэхдээ насны хязгаарыг тогтоож хэрэглээг хязгаарлах ёстой гэж үзэж байна. Никотиныг нь хэмжээд нэг янжуур тамхитай хэдэн электрон тамхи тэнцэж байгаа гэдгийг тогтоогоод яг адилхан татвар ногдуулах ёстой. Электрон тамхи хэрэглэгчид залуужаад байгаа учир хэрэглээг танах ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.
ВИДЕО: