“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 70 гаруй ажилчин хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тус компанид олон хүнийг хамарсан хоолны хордлого зургаан сарын хугацаантай хоёр дахь удаагаа гарч буй нь энэ юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ талаар “70 гаруй ажилтнаас хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн. Зарим нь ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Биеийн байдал тогтворжсон. Дахин хордсон тохиолдол гараагүй. Мөн уг асуудалд Өмнөговь аймгийн мэргэжлийн байгууллага ажиллаад зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байгаа” гэсэн юм.
Ойр, ойрхон гарсан хоолны хордлого гарсантай холбоотойгоор тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл яг одоо шуурхай хуралдаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн сууринд "Red Rock" компани нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хоолны үйлчилгээ нь тус компанийн Захиргаа удирдлагын хэлтэст харьяалагддаг юм. Тэгэхээр Захиргаа удирдлагын хэлтсээс "Red Rock" компанийг тендерт шалгаруулахад нөлөөлсөн үү, тус хэлтсийн дарга Анун удаа дараагийн энэ үйлдэлд хариуцлага хүлээх үү зэрэг олон асуулт тулгарч байна. Ямартай ч тус асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж магадгүй аж.