М.Нарантуяа-Нара, Ж.Золжаргал, Д.Пүрэвдаваа нарын УИХ дахь намуудын төлөөлөл, байнгын хорооны дарга нар УИХ-ын даргын Англид хийж буй айлчлалд багтжээ

М.Нарантуяа-Нара, Ж.Золжаргал, Д.Пүрэвдаваа нарын УИХ дахь намуудын төлөөлөл, байнгын хорооны дарга нар УИХ-ын даргын Англид хийж буй айлчлалд багтжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал энэ сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд 23-ны өдөр өндөрлөнө. 

-МОНГОЛЫН ТАЛААС ПАРЛАМЕНТЫН ДАРГЫН ТҮВШИНД АНХ УДАА ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЮМ-

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.  Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагалдан УИХ-ын хэн, хэн гишүүд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тухай мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, тус айлчлалд голдуу байнгын хорооны дарга нар тэр дундаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар  багтжээ.

-МАН, АН, ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТААЖЭЭ-

Тус байнгын хорооны дарга нараас гадна УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, Э.Батшугар, Д.Бум-Очир, Д.Пүрэвдаваа нар дагалдан яваа аж. Үүнээс харвал парламентад суудалтай МАН, АН, ХҮН, Үндэсний эвслээс төлөөлөл болгон багтаажээ. Албан ёсны хөтөлбөрт багтсан нэрс эдгээр ч өөр бусад гишүүн ч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. 

Их Британи Умар Ирландын  Нэгдсэн Хаант улс нь үндсэн хуульт хаант засагтай парламентын ардчилсан улс юм. Тус улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон үндэсний нийт бүтээгдэхүүн) эсвэл есөд (нэрлэсэн ҮНБ) орно. Энэхүү улс нь олон улсад эрх зүйн дагуу цөмийн зэвсэг эзэмших эрх бүхий улс бөгөөд цэргийн зардлаар дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын Зөвлөл, Их Долоо, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн айлчлалаар Европын том төлөөлөлтэй парламентын түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах зэрэгт анхаарна гэдгийг албаныхан хэлж байна. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө