УИХ бизнесийн орчинг дэмжих стратеги, бодлогоо “Менежментийн форум 2025”-д оролцогчдод танилцуулав

УИХ бизнесийн орчинг дэмжих стратеги, бодлогоо “Менежментийн форум 2025”-д оролцогчдод танилцуулав

Бизнес эрхлэгчдэд үүсдэг дарамтыг багасгахаа шинэ парламент амалж, хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр уламжлан хүргэжээ.

Энэхүү форумд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар оролцсон бөгөөд шинэ парламентын зүгээс бизнесийн салбарынханд Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөгөө танилцуулжээ. Монгол Улсын топ 150 компанийн шилдэг удирдагчдын оролцсон уг арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан их ач холбогдол өгсөн нь илт байна.

Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа ноднин жилийн форумд өөрийн биеэр очиж, оролцсон удаатай. Энэ удаа Англи улсад албан айлчлал хийж яваа хэрнээ мэндчилгээ илгээжээ. Монголын анхны 126 гишүүн бүхий парламент улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг бизнесийнхнийг дэмжиж, эрх зүйн орчныг шинэчлэхээр шулуудсан нь тодорхой боллоо. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө, “Хүн төвт” үзэл санаатай эрх зүйн Гурван төгөлдөршил бодлогоо УИХ-ын ЕНБД нь бизнес эрхлэгчдэд нэгд нэгэнгүй тайлбарлаж, УИХ-ын Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар байр сууриа илэрхийллээ. Тэд татварын хувь хэмжээг бууруулах, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарахаа онцолж, улс орны хөгжлийн бодлого, язгуур эрх ашгийг дээдэлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, дарамтгүй болгох чиглэлд ажиллан, хөрөнгө оруулалтын таатай, чөлөөт өрсөлдөөний орчинг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна гэв.

Ийнхүү парламент бараг анх удаа хувийн хэвшилд бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, бизнесийн орчныг дэмжсэн бодлого баримтлах тухай шийдлээ "тайлбарлаж", бизнесийнхнийг сонссон нь шинэ зүйл байв. “Building The Trust” уриан дор явагдсан "Менежментийн форум 2025” чуулга уулзалтаар бизнес, эдийн засгийн орчныг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хиймэл оюун ухаан, хүний нөөц зэрэг тулгамдсан асуудлаар шийдэл гаргадаг онцлогтой. Төр, хувийн хэвшлийн түншлэл хэр байхыг харах л үлдлээ.