Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэх талаарх мэдээллийг Засгийн газарт танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын хувьд Цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулгыг хийсэн. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ХЗБХ, Хүний эрхийн дэд хороо, бүлгүүдэд болж өнгөрсөн асуудлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа" гэв.
Мөн "Ноорог”-той холбоотой асуудлын талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр, “Шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох тусгай зүйл ангиудаар шалгагдаж байсан. Одоо хүртэл шалгагдаж байна. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш. Мөн цагдаагийн байгууллага юм уу ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс улс төрчдийн заавраар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үр дүнд улс төрийн ямар ашиг байх, юуны төлөө байгааг нь тогтоох ёстой. Өчигдөр цагдаагийн байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл өгсөн. Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд худлаа мэдээлэл байвал энэ нь эрүүгийн гэмт хэрэг болно.
Мөн баривчилгааны асуудал огт болоогүй. Харин техник хэрэгсэл, эд хэрэгсэлд үзлэг хийж баримтжуулсан процесс явсан. Энэ хэрэг дээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар халдсан байна уу, агуулга контенттой холбоотой байна уу, хүний эрх зөрчигдсөн асуудал байна уу гэдгийг анхаарч ажиллаж байна.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчийн үйл ажилалгааг зааглаж ялгасан зүйл байхгүйгээс болоод Эрүүгийн хуульд байдаг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг гэмт хэргээр нэг ч хүн шийтгэгдээгүй байгаа. Өнөөдөр манай улсад сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу вэ гэдэг стандарт огт байхгүй. Иймд хэвлэлийн эрх чөлөөний хууль дээр үүнийг оруулж өгч байгаа.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр нийт 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ авсан гэсэн мэдээлэл байна. Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн эрүүгийн холбогдох зүйл ангиар тухайлбал бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байгаа хүн энэ хүмүүс дунд байгаа. Гэхдээ энэ нь одоо шалгагдаж байгаа хэрэг нь. Бид хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой зөрчил байна уу гэдгийг үзэж байгаагаас хэн нь ямар хэргээр шалгагдаж байгааг шалгах гээгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: