Б.Жавхлан: Засгийн газар ирэх сард ногоон бонд гаргана

Б.Жавхлан: Засгийн газар ирэх сард ногоон бонд гаргана

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Мега төслөөс 2 төслийн ТЭЗҮ дууссан, төслийн харилцаанд ороход бэлэн болсон. Бусад нь гадаад зээл тусламжаар санхүүжнэ. Иймд төлбөрийн тэнцэлд дарамт үүсэхгүй. Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ дууссан гэдгийг та бүхэн мэднэ. Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийг “ЭТТ” ХК 96 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Туулын хурдны замыг нийслэл Улаанбаатар хот өөрийн төсвөөр санхүүжүүлнэ. Импортод ирэх цохилтоос айгаад бид түгжрээд байж болохгүй. Авто замын төслүүд импортод богино хугацааны нөлөө үзүүлдэг.

Метроны ТЭЗҮ-г хийж байна. Шивээхүрэн боомтод хил холбох төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Барилга, авто замын томоохон төслүүд зэрэг эхэлбэл манай улсад хүний нөөцийн, санхүүгийн, түүхий эдийн нөөц хязгаартай. Алтны тухайд нөхөн сэргээлт асуудал үүсгэсэн жишээнүүд бий. Иймд алтны шинэ уурхайг нээхдээ нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, тэрхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зардлыг заавал түрүүлж баталгаажуулсны дараа ажлаа эхлэх зөвшөөрөл олгодог болно.

Засгийн газар ирэх сард ногоон бонд гаргахаар ажиллаж байна. Дахин санхүүжилтийн нэг тэрбум ам.долларын талыг нь бид ашиглачихсан. 2025-2026 он хүртэл бидэнд бондын дарамт ирэхгүй. Төлөөгүй байсан бол 1.2 тэрбум ам.долларын зээл төлөх байсныг урьдчилж төлсөн. Зээлжих зэрэглэлээ сайжруулан, арван жилийн өмнөх үзүүлэлтдээ хүрсэн. 300 тэрбум төгрөгийн бондыг дотоодод гаргах, 3.2 их наяд төгрөгийн зээлийн баталгаа гаргах эрхийг 2025 оны улсын төсвийг батлахад УИХ бидэнд олгосон. Энэ онд тодорхойгүй байдал их байгаа тул эхний хагас жилд бүх боломжоо ашиглах гэж яарахгүй" гэдгийг тодотголоо.