Спорт тэмцээний үр дүнг таамаглаж, онлайнаар мөрий тавьдаг 1xBet манай улсад газар авч байна. Тиймээс 1xBet-ийн мөрийнд орон сууц, машин, хадгаламж гээд бүхий л хөрөнгөө алдаж, үгүйрэн хоосорсон айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Дэлхий дахинд хурдацтай тархаж буй 1xBet-ийг Монголд зөвшөөрөлгүй ажиллуулдаг гэх мэдээллийг албаныхан өгч буй бөгөөд энэ бүх сүлжээний ард оросууд байдаг талаар албаныхан мэдээлсэн. Оросууд 1xBet -ийг ажиллуулдаг ч ОХУ өөрөө цаашлаад БНХАУ-д энэ төрлийн мөрийтэй тоглоомын платформ, үйл ажиллагааг хорьсон байдаг.
-ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ 5-8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, 10-100 САЯАР ТОРГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ӨРГӨН БАРИНА-
Харин манай улсад “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулан байгуулаад байна.
Уг ажлын хэсэг спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д ирэх долоо хоногт өргөн барих гэж байна.
Өөрөөр хэлбэл, цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, тоглосон, зуучилсан зэрэг үйлдэлд оноох ял шийтгэлийг чангатгаж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.
ХУУЛЬ БАТЛАГДВАЛ
- Спортын бооцоот тааврын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Мэдээллийн технологи, программ хангамж ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих
- Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн дээрх хууль батлагдаад хэрэгжиж эхлэхэд Apple store, Metа компани руу хууль хэрэгжүүл гэх шаардлагыг тавьж, App Store, Play Store-оос бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомын аппликэйшнүүдийг татаж чадахаа болих юм.
Ял шийтгэлийн тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Мөн Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Прокурор, Монополын эсрэг газар, Цагдаагийн ерөнхий газар, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг олон байгууллагын хамтарсан ажлын хэсэг 1xBet-ийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулдаг 190 орчим агентыг шалгаж домайн хаягуудыг хаагаад байна. Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллийг нэгтгэн дүгнэвэл нийтдээ манай улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар ОХУ улс руу шилжсэн байдаг. Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1xBet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам.доллар шилжиж ирсэн.
Одоогоор хууль хяналтын байгууллагууд тус үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтанд 11 этгээдэд холбогдох 22 хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Үүнд нь дээрх үйл ажиллагааг сурталчилсан олны танил хүмүүс багтаж тэднийг Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээг авсан талаар эх сурвалж мэдээллээ.
- 1XBET-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТОГЛОЛТОО ХИЙСЭН "ОПОЗИТ" ХАМТЛАГ, РЕППЕР Н.ЦЭЦЭНБИЛЭГ НАРЫГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОСОН УУ-
Ерөөс 1xBet-ийг сурталчлах ажилд урлаг, спорт, контент бүтээгчид гээд оролцоогүй салбарынхан байдаггүй байна. Манай улсад 1xBet жилдээ нэг сая ам.доллароор спортын баг, дуучид, инфлүүнсер, юүтүберүүдийг ивээн тэтгэж, 500 сая ам.долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Үүн дээр тулгуурлан 1xBet-ээр санхүүжиж, тоглолт, хөгжмийн наадам болон дууны клипээ дүрсжүүлсэн соёл урлагийнхан олон байдаг аж. "1xBet урлагийн тоглолт болон уран бүтээлчдийг 200-300 саяар санхүүжүүлдэг байна. Уг санхүүжилтээр 2023 онд "Опозит" хамтлаг, 2024 онд реппер Н.Цэцэнбилэг нар тоглолтоо хийж, 2024 онд залуу уран бүтээлч Б.Ихэрсувд, Б.Тамир, реппер Limit King, реппер Thunder, Young MoG нар уран бүтээлээ хийж байжээ. Тэд хариуд нь тоглолтоороо 1xBet-ийг сурталчилсан учраас тэднийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйл Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж 500 мянган төгрөгөөр торгожээ.
Цаашлаад урлаг соёлынхны тоглолт, шинэ уран бүтээлийг ивээн тэтгэх үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан ч оролцдог байж болзошгүй аж. Тэрбээр “Би Ар Би”, “Броадбэнд”, “Би АрБи пикчерс”, “Би Ар Би саунд” зэрэг компаниудтай.
Эдгээр компаниараа дамжуулан дуучдын тоглолт, шинэ уран бүтээлийг нь 1xBet-ээр санхүүжүүлдэг улмаар түүнээс ашиг олдог байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Тийм ч учраас НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан 1xBet-ийг хаана гэхийн оронд Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ зэрэг татваруудаа буулга зэргээр ил ярьж буй.
Цаашлаад "Ард түмнийг төлөөлж байгаа ухаантай юм бол 1xBet-ээс хэдийг авч юу хийснээ илчлээрэй. Баримт өөрөө ярьдаг юм" гэсэн иргэний сэтгэгдлийн дор "Төлөөлөгчтэй аятайхан харьцаарай гөлөг минь" хэмээн хариулж олны шүүмжлэлд өртжээ. Ж.Энхжаргалан анх бизнесмэн байсан. АН-ын пи арыг хийж явсан ч удаа бий. Түүний хамаарал бүхий хүний "Драгон Холдинг" ХХК Хөгжлийн банкнаас 8.4 тэрбум төгрөгийн зээл авсны 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр аваад үрчихсэн. 2016 онд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж /аудитын тайланд дурдсанаар/ 2022 он хүртэл хүүгийн зөрүүгээ ханшийн зөрүүтэй нь улсын төсвөөр төлүүлж байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байдаг.Тэрбээр хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож явахдаа 1xBet-ээс хөрөнгө босгон ажиллаж байсан талаар ч хэвлэлүүд бичжээ. Дараа нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвлөж, сонгуулийн өмнө гуравхан сар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар ажиллаж удалгүй НИТХ-д нэр дэвшсэн намтартай юм.