УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр / 2025.03.17/ нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрбээр "Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонохоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэр баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр Монголын өнөөдрийн амьдрал хөгжил хэмжигдэх учиргүй. УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцсан нь хууль тогтоомжийн төслүүдэд хэлэлцүүлэг, ажил хэрэгч бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм" гэсэн юм.
Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохтой холбогдуулан чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.