Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Улмаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-ны өдөр зарласан юм.
-СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОЛОН ТООНЫ ОРОН СУУЦЫГ ЭНЭ ОНД БАРЬЖ ДУУСГАХ ГЭНЭ-
Тодруулбал, Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр зарлалаа. Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэх аж.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм байна. Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх зэрэг нүсэр ажлын бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа аж.
Уг ажлын санхүүжилтийг 500 сая ам.долларын гадаад бондоос босгосон. Тодруулбал, Нийслэл бондыг гадаад зах зээлд хаалттай арилжаалж, 7,71 хувийн хүүтэй, 500 сая ам.долларыг босгосон бөгөөд гурван жилийн дотор эргүүлэн төлөх ёстой.
Үүгээр Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бөгөөд нийт санхүүжилт 1.6 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Харин энэ сарын 7-ны өдөр 453 тэрбум болон 373 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орон сууцны хороолол барих хоёр тендерийг зарласан байгаа юм.
Ноцтой нь барилгын ажлыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр багтаан дуусгахыг тендерийн шаардлагад тусгажээ. Гэтэл 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэдэг нь хөрсөн дээр буугаагүй, бодит биш шийдвэр гэдгийг инженерүүд бидэнд хэлж байгаа юм.
-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМЫГ 5 ЖИЛ БАРЬСАН БАЙХАД ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ 2 ЖИЛИЙН ДОТОР БАРЬЖ ДУУСГАХ АЖ-
Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан хөрсөн дээрээ буугаагүй бодит бус шийдвэрүүд үүгээр зогсохгүй. Тэрбээр түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтыг хязгаарлаж, тэгш сондгойгоор зорчуулж, орон нутгийн улсын дугаартай автомашинаас төлбөр авч байгаа бөгөөд төлбөртэй бүс бий болгох санаачилгыг ч гаргаж байсан нэгэн.
Сэлбэ дэд төвтэй ижил нэгэн жишээг дурдвал Туулын хурдын замыг хоёр жилийн дотор барьж дуусахаар төлөвлөсөн байх юм.
Тодруулбал, Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл хот доторх анхны хурдны зам нь Туулын хурдны зам болох юм. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Гэтэл үүнтэй төстэй буюу Хөшигийн хөндийн 32 км урт, 6 эгнээ бүхий хурдны замыг 2016 онд барилгын ажлыг эхлүүлж, 2021 онд буюу нийт таван жилийн хугацаанд барьсан байдаг. Гэтэл Туулын хурдны замыг барих хугацааг үүнээс гурван жилийн наана буюу хоёр жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн нь сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай адил бодит бус тооцоо аж.
Энэ боломжтой эсэх талаар бид барилгын инженерүүдээс тодруулахад, "Манай улс жилийн дөрвөн улиралтай. Дулааны улиралд л барилга барьдаг. Гэтэл Сэлбэ дэд төв, Туулын хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг барих хугацааг ингэж шахуу тавьж өгсөн нь эргээд чанаргүй бүтээн байгуулалт болох, богино насжилттай стандартын бус барилга баригдах нөхцөл үүсэж болзошгүй. Гэхдээ энэ том бүтээн байгуулалтыг ийм богино хугацаанд барих ямар ч боломжгүй" гэсэн юм.