УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын баг өчигдөр буюу 3 дугаар сарын 13-нд Дундговь аймагт ажиллалаа.

Ажлын бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнга хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар оролцож, Дундговь аймгийн удирдлагууд, иргэд, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцжээ.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын бүтэц, онцлог, хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, зорилгыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Тэрбээр хэлсэн үгэндээ 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой, үр дүн бүхий томоохон төслийг эхлүүлж байгааг онцолж, УИХ-ын стратеги-3 төгөлдөршлийн бодлогыг танилцууллаа. Үүнд:

Нэгдүгээрт: Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 920 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ба тэдгээр хуулийн үзэл баримтлал нь хүн төвтэй гэхээсээ төр лүү илүү чиглэсэн байгаа тул үүнийг өөрчлөн хүний эрхийг хангасан байхад чиглэх ёстой гэлээ.

Хоёрдугаарт: Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох,

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль цаг үеийн шаардлагад нийцэхгүй, нийгмийн харилцааны олон хэрэгцээг хангаж чадахгүй, хүн төвтэй байх үзэл баримтлалдаа нийцэхгүй байна. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай байгааг онцоллоо.

Гуравдугаарт: Хуулиар хүний, нийгмийн харилцаатай холбоотой хэм хэмжээг зохиоцуулах.

Өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар, харин 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад 920 хууль хэрэгжиж байгаа бол 3000 гаруй журам мөрдөгдөж байна. Хуулийг даган гарч байгаа хэм хэмжээг зохицуулж буй журмыг дурын байгууллага гарган хэрэгжүүлж, иргэдийн хувьд бухимдлыг үүсгэж байгаа. Тиймээс нарийвчилсан зохицуулалтыг хийх шаардлага байна гэлээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүд 80 гаруй ажлын хэсэг болж, дээрх шинэчлэлийг хийх зорилгоор эрх зүйн орчны том өөрчлөлт, шинэчлэл хийхээр хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа ба энэ хавар намрын чуулганаар хэлэлцэн цогц болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэн хэлсэн юм.

УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Дундговь аймаг нь Улаанбаатар, Өмнөговь гэсэн 2 том зах зээлийн дунд оршиж байгаа давуу талаа ашиглан ХАА, аялал жуулчлал, үйлчилгээний салбараа хөгжүүлж, ирээдүйд бий болох Чойр, Мандалговь, Хар хорин чиглэлийн транзит тээврийн хүнд даацын авто зам дагуу хүн тээвэр, ачаа тээврийн ложистикийн төв болон хөгжих боломж байгааг онцоллоо.

Дундговь аймгийн хувьд нэг хүнд ногдох ДНБ 11.4 сая төгрөг байгаа нь эдийн засаг нь сэргэж буй аймгийн тоонд багтаж бөйна. Тус аймгийн эдийн засгийн бүтцийн хувьд 55 хувийг хөдөө аж ахуй, 28 хувийг үйлчилгээ, 14 хувийг аж үйлдвэр, 4 хувийг нь уул уурхай  эзэлж байгаа. Тиймээс тус аймгийн хувьд байршлынхаа давуу талыг ашиглан ХАА, аялал, жуулчлал үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломж байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн.

Иргэдийн зүгээс Дундговь аймаг, суманд тулгамдаж байгаа олон асуудлаар асуулт асууж, саналаа хэлж, УИХ, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан ба чуулганыхаа завсарлагаанаар орон нутагт ийнхүү ажиллаж, орон нутгийн тулгамдсан асуудал, иргэдийн саналыг сонсож, мэдээлэл өгсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.