АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард худалдааны хамгийн том гурван түншийнхээ бүх бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноож байгаагаа мэдэгдсэн. Тухайлбал Канад, Мексик улсуудад 25 хувь, Хятад улсад 10 хувийн импортын татвар оноосон.
-Д.ТРАМПЫН ХЯТАДТАЙ ЗАРЛАСАН ХУДАЛДААНЫ ДАЙН МОНГОЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ-
Үүнийгээ Д.Трамп АНУ-ыг чиглэсэн сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ аваагүйн шийтгэл хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл тариф тогтоолгосон дээрх гурван улс ч мөн хариу арга хэмжээ авсан. Тодруулбал, Канад Улс АНУ-ын 100 тэрбум долларын дүнтэй 25 хувийн импортын татвар оноох шийдвэрийг гаргасан бол Мексикийн Ерөнхийлөгч ч Трамптай ижил төстэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Лондоны Металлын биржид зэс болон хөнгөн цагааны үнэ тонн тутамдаа 1.5 хүртэлх хувиар буурчээ. Мөн ган үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ Сингапурын биржид 3.5 хувиар унаад байна. Иймд түүний тарифын бодлого “Худалдааны дайн”-ы эрсдэлийг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэл үүсгэх боломжтой гэж олон улсын эдийн засагчид анхааруулж байгаа юм. АНУ-ын тарифын дайн Монголд ч асар их нөлөө үзүүлж байна.
Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор профессор А.Энхбат "Хятадын үйлдвэрлэлийн салбар тухайлбал, гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл буурна. Энэ тохиолдолд Монгол Улсаас авах нүүрсний эрэлт буурна” гэсэн байна.
Тэгвэл Эдийн засагч Г.Батзоригийн хэлснээр "Гангийн үйлдвэрийн 50 хувь нь Хятадын барилга дээр ашиглагддаг. Ганг ширмээр гаргадаг бөгөөд түүхий эд нь коксжих нүүрс. Тэгэхээр суурь эдийн засгийн дам нөлөөгөөр нүүрсний үнийн нөлөөлөл одоо 30-40 хувь унасан учраас Өвөр Монгол дахь нүүрсний ченжүүд манай улсаас нүүрс авахгүй байгаа юм” гэсэн байна.
-НҮҮРСНИЙ ҮНЭ 300-600 ЮАНИАР БУУРААД БАЙНА-
Мөн Монгол Улс 2025 оны улсын төсөвт нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор, нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Гэвч он гарснаас хойш нүүрсний үнэ унаж, тонн тутам нь 70-80 ам.долларт хэлбэлзэх болсон талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьсан юм. Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ямар байгаа талаар www.tradingeconomics.com сайтаас үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нүүрсний үнэ 138 ам.доллар хүрч байсан бөгөөд үүнээс хойш тогтмол буурсаар энэ сарын 08 /2025.03.08/-ны өдөр 103 ам.долларт хүрсэн байна. Мөн www.SXCoal.com веб сайтын мэдээллийг харахад, Ганцмод боомтод өнгөрсөн оны мөн үед нүүрсний үнэ 1,480 юань байсан бол одоо 870 юань болж буурсан байв. Харин Сэхэ боомтоор импортолж буй нүүрсний үнэ өнгөрсөн онд 960 юань байсан бол одоо 630 юань болж тус тус буурчээ.
Манай улсын экспортын орлогын 85 хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг. Улмаар нүүрсний үнэ унаснаас болж төсвийн алдагдалд хүрч магадгүй байгаа тул төсөвт тодотгол хийх шалтгаан үүсэж байна гэх асуудал яригдах болсон.
Харин өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг хариуцан ажиллахаар боллоо. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан "Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого, зарлага хэвийн, гүйцэтгэлээ бариад явж байна. Хоёр сарын байдлаар төсвийн төлөвлөгөө 4.2 их наяд төгрөгийн орлогоор биелсэн. Иймд төсвийн орлого 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эдийн үнэ ялангуяа нүүрсний үнэ буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол хийгдэх үү гэсэн асуудал яригдаж байх шиг байна. Төсвийн тодотгол үүсэх үндсэн таван нөхцөл бий. Үүн дотор орлого тасарсан, зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал 3 %-аас давбал тодотгол хийнэ гэж заасан. 2025 оны төсөв алдагдалгүй батлагдсан. ДНБ-ий 3% гэдэг нь 3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого дутах нөхцөл байдал одоогоор үүсээгүй. Иймд төсвийн тодотгол ярих нь эрт байна. Үүний оронд төсвийн орлогыг шаардлагатай хэмжээнд нь хэрхэн хүргэх талаар арга хэмжээг авахын тулд ажлын хэсэг байгуулж Сангийн сайд миний бие ахлаад явж байна. Эхний хоёр сарын байдлаар манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний хэмжээ хэвийн явж байгаа гэдгийг онцолж хэлье” гэсэн юм.
-Д.ТРАМПЫН ТАРИФ ЭНЭ ЛХАГВА ГАРАГААС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСНЭЭР МОНГОЛД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ-
Тэгвэл АНУ-ын ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн гаалийн татвар тогтоох Дональд Трампын шийдвэрийн хэрэгжилт лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европын Холбооноос тэр даруй хариу арга хэмжээ зарласнаар дэлхийн "Худалдааны дайн"-ы эгзэгтэй шинэ хуудас руу орсон гэж эдийн засагчид үзэж байна. Өнгөрсөн онд гангийн экспортоо дээд түвшинд хүргэсэн БНХАУ энэ талбарт зөвхөн АНУ-аар тогтохгүй нэлээн хэдэн улстай зөрчилтэй байгаа аж. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын уршгаар тус улсын дотоодын гангийн эрэлт унаж, үйлдвэрүүд нь нийлүүлэлтийн илүүдэл, алдагдлаас гарахын тулд экспортоо эрс нэмэгдүүлсэн байна. Улмаар БНХАУ-ын гол хоёр худалдан авагч БНСУ болон Вьетнам улс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд тус улсын ган ороомгийн импортод тариф тогтоосон юм. Түүнчлэн түүхий эдийн консалтингийн “CRU Group”-ийн тооцооллоор БНХАУ-ын гангийн экспорт энэ онд 17 хүртэлх хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд БНХАУ-ын гангийн салбарт илүүдэл үйлдвэрлэлээ арилгах дарамтыг улам нэмж байгаа аж.
Иймд Монгол Улсын коксжих нүүрсний цор ганц худалдан авагч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл хүссэн хүсээгүй буурах нь тодорхой боллоо. Тэгвэл ган гаргаж авах гол түүхий эд болох нүүрсний импортоо ч багасгана гэсэн үг. Энэ нь нүүрсээр экспортын орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг манай улсад хүндээр тусах нь мэдээж. Засгийн газар эхний хоёр сарын байдлаар төсвийн алдагдал гараагүй гэж мэдээлсэн ч АНУ-ын тариф энэ долоо хоногийн лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн. Иймд цаашид манай улс ч гэлтгүй дэлхий нийтийн хувьд тун эгзэгтэй эдийн засгийн үе эхэлж байна.