Чехийн ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Прага хотын амьтны хүрээлэнд зочилжээ.
Улмаар өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд төрсөн тахийн охин унаганд "Дагина" гэдэг нэр хайрлажээ. Мөн Дагиныг том болоход нь Монголд аваачвал “Дорнын дагина” хэмээн нэрлэнэ гэсэн байна. Дагина бол Прагийн амьтны хүрээлэнд өсөж үржсэн монгол тахийн удмын Викториа II гүүнээс гарсан төл юм. Харин эцэг нь Бельги улсаас тус хүрээлэнд 2017 онд очсон Гранола нэртэй азарга ажээ. Мөн Дагина нь тус амьтны хүрээлэнд 2024 оны гуравдугаар сард Монголын уугуул амьтдын “Говь” үзэсгэлэн нээгдсэнээс хойш төрсөн анхны унага гэнэ.
Монголд устаж үгүй болсон тахийг сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Прагийн амьтны хүрээлэн ихээхэн үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд тус хүрээлэнгээс манайд 34 тахь авчирсан билээ. Тус хүрээлэн дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалахад манай БОУАӨЯ-тай хамтран ажиллахаар болсноос гадна мазаалайг хамгаалахад туслах саналаа илэрхийлээд байгаа юм.