УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах асан Б.Саруул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар саяхан томилогдсон. Мөн түүний гарын хүн Н.Нүрзэдийг Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хяналт хариуцсан менежер, Н.Пунцагийг Эрдэнэс тавантолгой ХК-д хяналтын менежерээр томилсон.
Төрд албан тушаал хаших АН-ын гишүүдийн томилгоо Л.Гантөмөр болоод тус намын зарим удирдлагуудаар дамжин Засгийн газарт уламжлагдан хийгдэж байгаа бол Х.Баттулгын хүмүүсийг томилсон дээрх томилгоонууд АН-ын удирдлагуудтай тохиролцож, дамжихгүйгээр "шууд хийгдсэн" гэх яриа ч тус нам дотор гарсан байна.
Мөн Х.Баттулгын ашиг сонирхол монголын зам, тээврийн салбараас салдаггүй гэдэг. Тодруулбал, түүний гарын хүн А.Гансүх нар Зам тээврийн сайдын албан тушаал хашиж байсан бол Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад УИХ-ын 2014 оны тогтоол хүчингүй болж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүдүүн царигтай тавигдаж, мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхэлсэн. Харин Х.Баттулгын эхлүүлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас салаалж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн хөрөнгөөрөө "Ханги" чиглэлийн төмөр замыг тавьсан. Түүний зорилго бол "Ханги"-ийн төмөр замыг Хятадын "Мандал" боомттой холбох юм.
Тэгвэл Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны дарга Б.Артур шинээр байгуулагдах "Төмөр замын агентлаг"-ийн даргаар томилогдох гэж байгаа тул Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны даргаар Х.Баттулгын туслах асан Г.Түвшинжаргалыг томилох гэж байгаа ажээ.
Г.Түвшинжаргал нь Х.Баттулгыг УИХ-ын гишүүний байхад нь түүний туслахаар ажиллаж байгаад Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход нь "шадар туслах"-ын ажилд томилогдсон байна. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө шадар туслах Г.Түвшинжаргалаа АНУ-ын Сан Франциско суух Монгол Улсын дэд консулаар томилуулсан байдаг. Тэгвэл Г.Түвшинжаргалын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусаж байгаа бөгөөд удахгүй тэрбээр Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны даргаар томилогдох бололтой. Зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн алба нь төмөр зам, агаарын тээвэр, авто зам, далай тээвэр гээд томоохон асуудлуудыг хариуцдаг байна.