Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Чех улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд найрамдах Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх чиглэлээр хамтран ажиллах юм. Хавтгай тэмээ нь Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансанд “нэн ховор” зүйлээр бүртгэгдсэн, Олон улсын зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн нэгдүгээр хавсралтад багтсан, дэлхийн хэмжээнд устаж болзошгүй 100 хөхтөн амьтдын жагсаалтын 13-т бичигдсэн нэн ховор амьтан юм. Хавтгай тэмээ нь одоогоор зөвхөн Төв Азийн говь цөлд, тэр дундаа Монгол Улсын баруун өмнөд бүсийн хатуу ширүүн байгальд дасан зохицон амьдарч байгаа юм. Энэхүү онцгой амьтныг хамгаалах нь Монгол Улсын байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байна.
Бүгд найрамдах Чех улс Монголд тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд энэ удаад олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тогтвортой популяцийг хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.