УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 42 суудал авч, ялагдсан Ардчилсан нам /АН/-ын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газарт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалыг хаших болсон.
Хачирхалтай нь, Л.Гантөмөрийг АН-ын өмнөх амжилтыг ахиулсан тул намынх нь даргаас огцруулахгүй гэх шийдвэрийг тус намын дүрмийн хороо гаргасан гэдэг. Улмаар АН-ын 15 дэд дарга нарын ихэнх нь албан тушаалд томилогдоод байгаа юм. Тодруулбал, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр Хяналт, үнэлгээний хорооны дарга, И.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хяналт хариуцсан менежер, Ц.Жадамбаа Бусан хотод суух консул, О.Алтангэрэл, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн нар УИХ, Засгийн газрын гишүүн болоод буй.
Харин АН-ын тэргүүн дэд дарга C.Баярцогт УИХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчдийг тодруулсан Үндэсний бодлогын хорооны хурлаас хойш намынхаа хуралд оролцохгүй байгаа гэдэг.
Учир нь түүний нэрийг АН-ын жагсаалтын 9 дүгээрт бичсэн ч, удалгүй түүний нэрийг жагсаалтаас хассан тул "намдаа гомдсон" гэж зарим гишүүд нь дүгнэдэг байна. Харин Л.Гантөмөр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа "Ахлах зөвлөхөөр ажиллаач" гэсэн саналыг С.Баярцогтод тавьсан ч, тэрбээр татгалзсан хариуг Л.Гантөмөрт өгчээ.