Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн зам ашигласны төлбөр, автомашины албан татварыг нэмж, сонгууль угтаж авсан "бонд"-ын өрөө төлөх гэж байна

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн зам ашигласны төлбөр, автомашины албан татварыг нэмж, сонгууль угтаж авсан "бонд"-ын өрөө төлөх гэж байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг өмнө нь мөрдөж байсан тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоож үүнээсээ өнгөрөгч онд сонгуулийг угтаж авсан “Нийслэл” нэртэй дотоодын 500 тэрбум төгрөгийн бондын өрийн тодорхой хэсгийг буюу зам зассан 150 тэрбум төгрөгийн өрийг төлөх гэж байна.

-ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН НИЙСЛЭЛИЙН ОРЛОГОД БОНДЫН ӨРИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Тодруулбал, Улаанбаатар хот 2024 онд УИХ-ын сонгуулийг угтаж, “Нийслэл бонд” гарган, мөн оны зургаадугаар сард арилжаанд гаргасан. “Нийслэл” бондоос босгосон 500 тэрбум төгрөгийн 300 тэрбумыг "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-д оруулсан бол 150 тэрбумыг авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажилд 50 тэрбумыг, бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламж ариутгах ажилд төсөвлөсөн байдаг. 

Уг бондыг  “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК компани ажилласан байдаг. Бондыг таван жилийн дотор эргүүлэн төлөх ёстой. Өөрөөр хэлбэл ирэх таван жилийн нийслэлийн орлогод бондын төлбөрийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байж болзошгүй байна.

-ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ 5 ДАХИН, АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАРЫГ 2-3 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН-

Нийслэлийн төсөвт 2025 онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 85.9 хувь буюу 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан. Нийслэл бол өөрөө орлого олж, орлогоороо зардлаа санхүүжүүлдэг газар.  2022 онд нийслэл 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол гурван жилийн дотор үүнийг гурав дахин нэмэгдүүлж, 3.9 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнтэй холбоотойгоор 2025 онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг өмнө нь мөрдөж байсан тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоож үүнээсээ нийслэлд орлого төвлөрүүлнэ.

Тухайлбал,  Приүс маркийн автомашины хувьд жилд 36 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 108 мянган төгрөг, Lexus 570 маркийн автомашины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 564.3 мянган төгрөг, Хюндай портер автомашины хувьд жилд 30 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75 мянган төгрөг, Ланд крүйсер 200 автомашины хувьд 151.8 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 455.4 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд 0 хувийн албан татвар төлж байна. Мөн 100 тонноос дээш даацтай автомашин 1.4 сая төгрөгийг төлөх тооцоо гарсан.  

Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор хамгийн бага оврын буюу 2000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын машины хувьд өдөрт 275, сард 8330, жилд 100.000 төгрөг, дунд оврын буюу 2,001-3,000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын автомашины хувьд өдөрт 416 төгрөг, сард 12500 төгрөг, жилд 150.000 төгрөг, том оврын буюу 4001 см3-ээс дээш моторын багтаамжтай суудлын тэрэгний хувьд өдөрт 694 төгрөг, сард 20.833 төгрөг, жилд 250.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр байна.

Автомашины татвар, зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж байгаад сонгууль угтаж тавьсан авто зам зэрэгт зарцуулсан 500 тэрбум төгрөгийн бондын өрөө төлөх гэж байж болзошгүй байна. Гэтэл энэ мэт өндөр татвар төлж байгаа иргэд сургууль орох дөхөхөөр 10 хоног, дүн өвлийн хүйтнээр хоёр сар, сар шинийн баярын өмнө 10 хоног зэргээр улсын дугаарын хязгаарлалтад орж, автомашин унах эрхгүй болдог.  Харин иргэдийн төлж буй өндөр төлбөр, татвар автозамаа сайжруулах, нэмж автозам барихад бус бондын өр төлөхөд зарцуулагдах гэж байна.