Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий

Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ямар холбоотой талаар хариулт өгчээ. 

-Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?

-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?

-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…

-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.

Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.

Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.

Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.

Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)

Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин