БАРИМТ: "Хүний өмч хөрөнгөө хямдруулж зарахыг хориглосон" Х.Нямбаатарын хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-ээс маргаан үүсгэжээ

БАРИМТ: "Хүний өмч хөрөнгөө хямдруулж зарахыг хориглосон" Х.Нямбаатарын хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-ээс маргаан үүсгэжээ

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг боловсруулж, түүнийг нь Г.Занданшатар даргатай парламент 2023 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа баталж байв. Тус хуулийг дагалдуулж “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг батласан бөгөөд ингэхдээ иргэний өмчлөх эрхэнд ноцтойгоор халдсан заалтыг тусгаж, хүнийг өмч хөрөнгөө зарж чадахгүйд хүргэжээ.

- “Х.НЯМБААТАРЫН БОЛОВСРУУЛСАН ХУУЛИЙН ТӨСЛӨӨР ИРГЭН ӨӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХЯМДРУУЛЖ ЗАРАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-

Тодруулбал, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн  9 дүгээр зүйлийн 9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй" гэсэн заалтыг тусгаж өгсөн байна. 

Гэвч энэ заалт нь Үндсэн хуулийн 1.2, 5.2, 16.3 дахь хэсгийг тус, тус зөрчиж байж болзошгүй учир нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гарган маргаан үүсгүүлж чаджээ.

Тайлбарлавал, иргэн өөрийн үл хөдлөх хөрөнгө болох газар, орон сууцыг өмнө нь авсан үнээсээ хямдруулж зарах боломжийг энэ заалтаар хааж өгсөн байгаа юм. Хүмүүс яаралтай нөхцөлд цаашлаад мөнгөний зайлшгүй хэрэг гарсан тохиолдолд өөрийн өмчийг хямдруулж зардаг жишиг бий. Гэтэл дээрх заалтаар уг харилцааг хориглож, анх авсан үнээр л зарах боломжтой болгосон байна. Хэрвээ иргэн өмч хөрөнгөө анх авсан үнээрээ зарахгүй бол улсын бүртгэл дээр нэрийг нь шилжүүлэхгүй, гацаах нь.  Хуулиар ийм зохицуулалтыг хийж өгсөн нь иргэдээс их хэмжээний татвар авах зорилготой байж болзошгүй гэж зарим иргэн хардаж байгаа юм. Угтаа бол өөрийн өмч, хөрөнгийг хэнд, хэдээр зарах нь тухайн иргэний өөрийнх нь эрх юм.

ВИДЕО:

- “ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ” 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.3 ДАХЬ ЗААЛТААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-

Эндээс үүдэн  хуульч О.Батхүү 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, ““Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн  9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт нь өмчлөгч өөрийн өмч хөрөнгийн үнийг чөлөөтэй тогтоох, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, өмчлөгчийн эрхэнд хууль бусаар халдах агуулгатай байна.

Энэ нь Үндсэн хуулийн 16.3-д заасан Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн агуулгатай нийцэхгүй байна.

Мөн цаашлаад төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэдэг зарчим нь өмчийн харилцааны үндэс суурийг тодорхойлохын зэрэгцээ өмчийн хэлбэр үл хамааран өмчлөгчдийн эрхийг тэгш хүндэтгэн хамгаалах төрийн үүргийг тодорхойлдог. Энэ нь төрөөс өмчлөлийн эрхийг баталгаажуулах, өмчийг ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаанд хууль бус оролцоог хориглох, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой юм. Гэтэл “Эд хөрөнгийн эрхийн улсыг бүртгэлийн тухай хуулийн 9.3 дахь заалт нь иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлийн өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, төр хувийн өмчийн харилцаанд хууль бус оролцож байгаа хэлбэр болж байна. Энэ нь Үндсэн хуулийн 5.2 дахь хэсэгтэй зөрчилдөж байна. Мөн Үндсэн хуулийн 1.2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Энэ зарчим нь төрийн бүх шатны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр, УИХ-аас баталж байгаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн байх, иргэдийн эрхийг хамгаалах, тэдгээрийг эрхийн хууль бусаар хязгаарлахгүй байх үүрэг агуулгыг илэрхийлдэг. Гэтэл гомдолд дурдаж байгаа хуулийн зохицуулалт нь өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа нь төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Тиймээс “Эд хөрөнгийн эрхийн улсыг бүртгэлийн тухай хуулийн 9.3 дахь хэсгийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, уг заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж өгнө үү” гэж бичжээ.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ МАРГААН ҮҮСГЭСЭН БӨГӨӨД ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ПҮРЭВ ГАРАГТ ХЭЛЭЛЦЭНЭ-

Хуульч О.Батхүүгээс гадна иргэн Э.Болор-эрдэнэ, С.Номынбаясгалан нар мөн дээрх заалтаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна.

Харин Үндсэн хуулийн цэцээс тэдний гомдлыг нэгтгэн маргаан үүсгэж, Дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. Үндсэн хуулийн цэц тус гомдлыг энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 13-ны өдөр хэлэлцэх товтой байгаа аж.

Цаашлаад Үндсэн хуулийн цэцээс мэдээллийг урьдчилан шалгах ажиллагааны явцад УИХ болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тайлбар, баримтыг гаргуулан авч мэдээлэлд холбогдох хууль тогтоомжийг судлан үзсэн байна. Харин УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд нөгөөх нь “Энэ хууль хүний эрхийг хангасан” гэх агуулгаас 4 хуудас тайлбарыг ирүүлээд байгаа аж. Бид Үндсэн хуулийн цэц тус заалтаар ямар шийдвэр гаргасан тухай мэдээллийг эргэн мэдээлэх болно.