Өнөөдөр /2025.03.09/ Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш буюу энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, энэ сарын 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.