ВИДЕО: ГХ-ны сайд Б.Батцэцэг Япон Улсад айлчилж 275 сая иенийн агаарын бохирдлын хэмжилт хийх станцуудын төслийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурлаа

ВИДЕО: ГХ-ны сайд Б.Батцэцэг Япон Улсад айлчилж 275 сая иенийн агаарын бохирдлын хэмжилт хийх станцуудын төслийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 5-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. 

ВИДЕО: 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай албан ёсны хэлэлцээ хийж, Японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм. Тэрбээр мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал,  Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар энэ сарын 4-нд Токио хотноо гарын үсэг зурсан. 

Эдгээр төслийн хүрээнд Япон улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Япон улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.  Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар 2012 оноос хойш буюу 13 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улс, Япон Улстай 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Хирошима мужид ажиллаж, Японы Улаан Загалмайн нийгэмлэгт зочлон, “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс-Феминист чиглэлийн гадаад бодлого” илтгэлийг тавьсан юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө