СУРВАЛЖИЛГА: Бохирын шугам задарснаас дөрвөн айл усанд автаж, 20 гаруй айлын орц гарц хаагдсан байдалтай "шинэлжээ"

СУРВАЛЖИЛГА: Бохирын шугам задарснаас дөрвөн айл усанд автаж, 20 гаруй айлын орц гарц хаагдсан байдалтай "шинэлжээ"

Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд бохирын шугам задарч, дөрвөн айл усанд автаж, 20 гаруй айлын орц гарц хаагдсан байна. Тухайн үед айлууд онцгой байдлын ерөнхий газар болон дүүргийн захиргаанд мэдэгдсэн ч шуурхай арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүргэжээ. Энэ талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Сүхбаатар дүүргийн 16  дугаар хорооны иргэн Г.Энхмандах ярихдаа, “Бидний оршин суугаа газар бол халиа дошин үүсдэггүй, голын эхээс хол, уулын шар ус буудаггүй газар. Тэгэхээр энд юу болсон гэхээр битүүний өдрөөс эхлээд шингэн ус урсаж эхэлсэн. Эхэндээ бид нэг их тоогоогүй.

Гэтэл шинийн хоёрноос эхлээд шөнөдөө мөстөөд өдөртөө зайрмагтаад овоорсоор байгаад одоо хүн байтугай машин явах боломжгүй болсон байна. Приус, жижиг тэргүүд орох ямар ч боломжгүй болсон. Энд бохирын шугам задарснаас болж  дөрвөн айл усанд автаж, дөрвөн гудамжны хорь гаруй айлын гарц орц хаагдаж, зайрмагтсан байна.

Явган хүмүүс хоёр талаар нь тойрч гарах гээд халтирч унаад, бохирын усанд унаж байна. Энд байгаа ус нь хүний өвдгөөр татахаар хэмжээнд хүрсэн. Настай буурай хүмүүс манай гудманд бий. Баярын өдрүүдэд бие нь муудаад түргэн дуудахад эмнэлгийн машин нь орж чадахгүй, гацсан. Шинийн хоёрон, гуравны өдрөөс эхлээд манай гудамжны айлууд шинэлж чадаагүй.

Манайх бол золголтоор ирэх зочдынхоо 50 хувийг буцаасан. Орж гарах нөхцөлгүй, зарим зочид монгол гуталтайгаа ус туулж, зарим зочдод бид усны гутал авчирч өгч байсан. Настай хүмүүс, хүүхэд нялхасыг би өөрөө машинаараа оруулж, гаргаж байсан.

Бид бүгдээрээ хороо дүүрэг, албаны эх сурвалжуудад мэдэгдэл өгсөн. Онцгой байдлынхан ирээд энүүгээр ирээд танилцаж, зураг аваад явсан. Гэхдээ ажил хийгээгүй. Ерөөсөө энэ халиа, мөс, дош нэмэгдсээр байгаад тэр чигээрээ байсан. Өнөөдөр бид хэвлэл мэдээлэлд хандахад дөнгөж сая дүүргээс гурван том машин ирлээ. Дүүргийн Засаг дарга өнөөдөр мэдсэн гэж байна. Бохирын шугам задарч энэ хавийн 20 гаруй айл битүүний өдрөөс эхлээд усанд автаж эхэлсэн. Өнөөдөртэй нийлээд бүтэн долоо хоног усанд автаж, маш хүнд нөхцөлд шинэлсэн” гэв.

-7 ХОНОГИЙН ДАРАА БУЮУ БИДНИЙГ ОЧИХ ҮЕД ЦАС МӨС, ХӨЛДСӨН БОХИРЫГ АРИЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ИРСЭН ЮМ-

Биднийг очих үед хоёр ковш, нэг ачааны машин ирж нөхцөл байдлыг үнэлж, зохих арга хэмжээ авч эхэлсэн юм. Тиймээс бид газар дээр нь үүрэг гүйцэтгэж буй албаны эх сурвалжаас тодруулахад, “Энд бохирын шугам тавьсан компанийн ажлыг нийслэл, ус сувгийн газар хүлээж аваагүй. Тус компанийн ажилчид сар шинийн баяраар амарч байх хооронд ийм нөхцөл үүссэн байна. Бид иймэрхүү нөхцөлд шуурхай арга хэмжээ авахаар ажилласаар байна” гэсэн юм.