Х.Нямбаатар автомашинтай иргэдээ "явган явах дургүй" гэж загнаад, автомашин зардаг иргэдээ "амин хувиа хичээсэн" гэж зүхэж эхэллээ

Х.Нямбаатар автомашинтай иргэдээ "явган явах дургүй" гэж загнаад, автомашин зардаг иргэдээ "амин хувиа хичээсэн" гэж зүхэж эхэллээ

"Хотын дарга Х.Нямбаатар согтуу байв уу" гэмээр хачирхалтай мэдээллийг өөрийн facebook хуудастаа саяхан нийтэлжээ. Тодруулбал,  тэрээр монголчууд явган явах маш дургүй гэж тодотгоод, 80 мянган автомашин зорчих ёстой хотод 800 мянган тээврийн хэрэгсэл бөгс эргэх зайгүй түгжирч байна гэжээ.

Мөн тэрээр автомашин импортолдог зарим иргэдийг "өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган автомашин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон" гэж уурлажээ. 

Үнэндээ "эрэлт байж нийлүүлэлт бий болдог" нь зах зээлийн зарчим. Товчхондоо, иргэдийн амьжиргаа дээшилж, автомашин худалдан авах хэмжээнд хүрсэн тул энэхүү эрэлтийг автомашин импортлогчид хангаж байгаа нь зах зээлийн ердийн ойлголт. Харин төрийг төлөөлж байгаа Х.Нямбаатар мэтийн дарга нар автомашинтай болсон иргэдийг зүхээд суух биш тэдний аж төрөх, хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хангах үүрэгтэй. 

Гэтэл Хотыг дарга Х.Нямбаатар автомашинтай иргэдээ "явган явах дургүй" гэж загнаад, автомашин зардаг иргэдээ "амин хувиа хичээсэн" гэж зүхээд сууж байна. 

Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл; 

"Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв. Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна ... гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.

80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна. Факт хэлхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.

УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.

Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална. Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм" гэжээ.