Өнгөрсөн сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдрөөс /2025.03.06/ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лицензтэй. Үүний 900 гаруй нь хайгуулынх байдаг. Харин олон улсын практикт ямар байдаг вэ гэвэл хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин олон байдаг. Ингэж байж хайгуулын үйл ажиллагаа явагдаж, хайгуул хийсэн талбай дээр нь орд бий болдог. Гэтэл манай улсад энэ харьцаа нь урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон бусад сонгуультай холбоотой шалтгаануудаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нэлээд гацаатай явсаар ирсэн. Харин одоогоос Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж Хууль зүйн сайд, яаманд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдэж байгаа гэж ойлгож болно" гэсэн юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн шинэ журмын заалтууд
- Нийт зарласан талбайн 50 хувьд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
- Сонгон шалгаруулалтын үнийн санал 70/30 байсныг 60/40 болгосон
- Өмнө нь нэг оролцогчийг л шалгаруулдаг байсан бол одоо хоёр оролцогч шалгаруулдаг болно
- Босго үнэ 4500 төгрөг байсныг 7000 болгосон
- Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оноос сонгон шалгаруулалтын журмаар олгож байв. Энэ дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялгах нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг. Талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр, цахим шуудангаар дамжуулан мэдэгдэнэ. 17.3-т хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, Засгийн газар батална гэж тус, тус хуульчилжээ.