УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 17-ны өдөр нээж, 2026 оны Монгол Улсын Хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 17-ны өдөр нээж, 2026 оны Монгол Улсын Хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-ны Даваа гарагт нээнэ. Учир нь хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг. Харин энэ удаад гуравдугаар сарын 15-ны өдөр нь бямба гарагт таарч байгаа тул Даваа гарагт нээхээр болсон нь энэ аж. 

УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

7/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосон.

Ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын төслийн хүрээнд БНХАУ-ын Чайна Энержи компанитай байгуулсан гэрээний төслийг соёрхон батлах юм. 

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үүний хүрээнд Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан. Харин дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдөр БНХАУ-д айлчилсан. Айлчлалынхаа үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай  /2025.02.14/ Харбин хотноо уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  Тиймээс чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү гэрээг үзэглэхийн тулд өдгөө 53 удаагийн уулзалт хийж, холбогдох саналд хоёр тал нэгдээд байна. “Чайна Энержи”-гийн хувьд Монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Харин хариуд нь Тавантолгойн бүлэг ордоос Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордоос 20 жилийн хугацаатай нүүрс олборлуулах тухай саналыг манай талд тавиад байгаа  юм.