“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиум Токио хотноо өчигдөр зохион байгуулагдлаа

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиум Токио хотноо өчигдөр зохион байгуулагдлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиум Токио хотноо зохион байгуулагдав. 

Токио хотноо байрлах Нэгдсэн Үндэстний Их Сургууль (UNU)-тай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээг нээж Япон Улсын Гадаад харилцааны дэд сайд хатагтай А.Икүина, Мексик Улсын Элчин сайд, Токио дахь эмэгтэй Элчин сайд нарын клубын тэргүүн, хатагтай М.Приа, НҮБ-ын Их сургуулийн ректор ноён Ц.Марвала нар үг хэлэв. 

Симпозиумын үндсэн илтгэлийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сонордуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал”-ын тухай тогтоол баталснаас хойшхи 25 жилийн хугацаанд багагүй ахиц дэвшил гарсан ч цаашид хийж хэрэгжүүлэх ажил улам их буйг онцоллоо. Тэрээр дэлхий дахинд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалж, тэгш байдлыг баталгаажуулах, үүний тулд нийгэм, улс төр, олон улсын харилцааны үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсныг тэмдэглээд “Эх дэлхийгээ бид уран барилга хэмээн төсөөлбөл энх тайван, амар амгалан, алс ирээдүйн төлөөх ухаанаа шингээсэн архитектор нь эмэгтэйчүүд юм” гэв.  

Мөн түүхийн хүнд бэрх цагт ард олноо манлайлж, улс орныхоо оршин тогтнолыг хамгаалаад зогсохгүй хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн монгол, японы ухаант хатдын үйл хэрэг өнөө ч үлгэр дуурайл болж буйг тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татлаа. 

Түүнчлэн Монгол Улс феминист гадаад бодлогыг дэмжин, эмэгтэйчүүдийн манлайлал, энх тайван, аюулгүй байдлын асуудалд бодит хувь нэмрээ оруулж буйг тодорхой жишээгээр тайлбарлав. 

Үндсэн илтгэлийн дараах хэлэлцүүлгийн явцад “Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг хамруулсан арга хэмжээ, тэдэнд олгосон албан тушаалын талаарх статистик тоо огтхон ч биш, харин манлайллыг нь бодитоор хүлээн зөвшөөрөх ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт юм” хэмээн Гадаад харилцааны сайд тэмдэглэснийг хүрэлцэн ирсэн зочид талархан дэмжиж, онцолж байлаа.

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан уг симпозиум НҮБ-ын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.