Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Харин Улаанбаатар хотод цас орохгүй, 0...-2 градус хүйтэн байна гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 5-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 8-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Халх голын сав газраар ялимгүй цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 8-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн бямба гараг буюу энэ сарын 8-нд нийт нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.