Өнөөдөр /2025.03.01/ "Модон могой" жилийн шинийн хоёрны өдөр тохиож, монголчууд сар шинийн баяраа тэмдэглэж, нийтээр тав хоног амарч байна. Тэгвэл ойрын тав хоногт цаг агаар ямар байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийг дамжуулж байна.
ВИДЕО:
Өнөөдөр /2025.03.01/ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -9…-14 градус, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -4...-6 градус хүйтэн байна
Маргааш буюу энэ сарын 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи энэ сарын 4-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.