“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодрууллаа. Цаг уурч О.Эрдэнэтунгалагийн хэлснээр сар шинийн баярын өдрүүдэд хүйтэн салхи, жавартай байх тул дулаан хувцаслахыг анхааруулсан юм.
ВИДЕО:
-БИТҮҮНИЙ ШӨНӨ УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРОХ БОЛ ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ШОРООН ШУУРГАТАЙ БАЙНА-
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-ны битүүний өдөр баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахаар байна. Харин нутгийнхаа өмнөд хэсэг болох говийн аймгуудын нутгаар шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатар хотын хувьд гэвэл өнөөдөр буюу битүүний шөнө бага зэргийн цастай, гуравдугаар сарын гурванд бас цас орохоор байна. Температурын хувьд огцом өөрчлөлт байхгүй. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө -4-/-6/ хэм хүйтэн байхаар байна.
-ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ХОЁРНООС НУТГИЙН ИХЭНХ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, СЭРҮҮСНЭ-
Гуравдугаар сарын нэгнээс буюу хаврын тэргүүн сарын шинийн хоёрноос Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар, гуравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар сарын 3-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар, гуравдугаар сарын 4-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орохоор байна.
Салхи шуурганы хувьд өнөөдөр буюу 28-нд, гуравдугаар сарын нэгэн, 4-ний өдрүүдэд нутгийнхаа зарим газраар секундэд 13-15 м/сек хүрч ширүүсэхээр байна.
-АГААРЫН ТЕМПЕРАТУР НЭМЭХ ХЭМД ОРСОН Ч САЛХИТАЙ ҮЕД ХҮНД МЭДРЭГДЭХ ТЕМПЕРАТУР ЖАВАРТАЙ БАЙДАГ ТУЛ ДУЛААН ХУВЦАСЛАХЫГ АНХААРУУЛЛАА-
Агаарын температурын хувьд өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар + хэм рүү орж байна. Дээд тал нь +10 хэм хүрсэн байна. Энэ температур 28-ны өдрөөс ерөнхийдөө буурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Гэхдээ айхтар хүйтрэлт байхгүй. Завхан голын хүрэн бэлчир, Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм хүрч хүйтэрнэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө нэмэх 1-6 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө -1-/+4/ хэм дулаан байх нь ээ.
Өчигдөр болон өнөөдөр нийт нутгаар нилээн дулаараад төв, говь, зүүн аймгуудынхаа ихэнх нутгаар + хэм рүү орсон байгаа. Энэ температурыг бодвол 28-нд нутгийнхаа хойд хэсгээр, гуравдугаар сарын нэгэнд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. "Онцлох зүйл нь гэвэл нийт нутгаар салхитай байхаар байна. Салхитай үед хүнд мэдрэгдэх температур нь жавартай байдаг. Тиймээс дулаан хувцаслаад Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэж цаг уурч О.Эрдэнэтунгалаг анхааруулсан юм.