Засгийн газрын өчигдрийн /2025.02.06/ хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж, “2008 онд Энержи ресурс компанид Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус гэж дүгнэсэн” хэмээн мэдэгдсэн.
ВИДЕО:
-О.АЛТАНГЭРЭЛ: ТУХАЙН ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛОН САЛБАРЫН САЙД НАРАНХҮҮ НАР УИХ-ЫН 2007 ОНЫ 27 ДУГААР ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭЛГҮЙ ШУУД ГЭРЭЭ ХИЙЖ "УХАА ХУДГИЙН ОРД-ЫГ ЭЗЭМШҮҮЛСЭН-
Тодруулбал, тэрбээр “Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. 2007 онд Улсын Их Хурал тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар тэр дундаа Энержи ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна.
Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд энэ асуудлыг судлан эргэж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Наранхүүд мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайдад Улсын Их Хурлаас даалгасан байхад энэ бүх үйл явцыг зөрчсөн шийдвэр гарчээ гэж үзжээ.
Монголд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны тогтоол биелээгүй өдий хүртэл зөрчигдөж явсан байна гэж дүгнэлтийг танилцуулж байна. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Цаашид Ухаа худгийн орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Улсын Их Хуралд Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа” гэсэн юм.
-УИХ-ЫН 2007 ОНЫ 27 ДУГААР ТОГТООЛД "ТАВАНТОЛГОЙ ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЭЗЭМШИХ САНАЛЫГ БОЛОВСРУУЛАН УИХ-Д ТАНИЛЦУУЛАХЫГ М.ЭНХБОЛДОД ҮҮРЭГ БОЛГОСУГАЙ" ГЭЖЭЭ-
Түүний хэлснээс дүгнэвэл, Улсын Их Хурлаас 2007 онд гаргасан тогтоолыг биелүүлэлгүй гэх шалтгаанаар тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдыг, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүг мөн Энержи Ресурс компанийг асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгах бололтой.
Учир нь Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр гаргасан 27 дугаар тогтоолд “Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай” гэсэн байна.
Харин тогтоолын хавсралтад “Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна” тодорхой тусгаж өгчээ.
Тэгэхээр О.Алтангэрэл сайдын хэлсэн "Асуудлыг судлан эргэж Засгийн газарт танилцуулах даалгаврыг биелүүлээгүй, Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэлгүй хууль зөрчсөн" гэх хүмүүс нь М.Энхболд, Х.Наранхүү нар байх магадлалтай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нь Ерөнхий сайдын 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий "Тавантолгой"-н чулуун нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.