Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж байна.
Тэрбээр “Ерөнхий сайдын 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий "Тавантолгой"-н чулуун нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд нь "Энержи Ресурс" компанийн ашигт малтмал олборлох гэрээнд гарын үзсэг зурсан. 2008 оны гуравдугаар сарын 8-ны өдөр байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болж байна. Тодруулбал, энэ асуудлаар 2007 онд тогтоол гаргаад Тавантолгой орд газар тэр дундаа Энержи Ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ашигт малтмал бүхий орд газарт хамруулсан байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй.
Тэгээд ч энэ үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ асуудлыг судалж, эргээд Засгийн газарт танилцуулж, асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Б.Наранхүү гэгчид даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх процесыг зөрчсөн шийдвэр гарсан байна гэж үзэж байна.
Иймд Монголд тодорхой ордыг ашигт малтмал бүхий стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг танилцуулж байна. Түүнчлэн зарим нэг шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байгаа. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж авсан байж болзошгүй асуудал, өөрийн эрх мэдлээ хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудал, тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин "Ухаа худаг"-тай холбоотой яригдаж байгаа асуудлыг Засгийн газар тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж үүнийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргаж байна" гэлээ.
ВИДЕО