Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганы хугацаанд багтаан хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас аж, ахуй нэгжүүдийн саналыг сонсож холбогдох бүхий л шатанд хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгож бууруулах хуулийн төслийг боловсруулаад байна.
Тэгвэл Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/ НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 хувь болгож бууруулах саналыг Сангийн яам болон холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлсэн байна.
Тодруулбал, бизнес эрхлэгч аж, ахуйн нэгжүүд МҮХАҮТ-д татварын шинэчлэлтэй холбоотой доорх саналуудыг хүргүүлснийг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлжээ.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх,
- Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх,
- ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасах,
- Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
- Ажил эрхлэлтийг дэмжсэн хөшүүргийг бий болгох,
- Орлого хүлээн зөвшөөрөх суурь зарчмыг өөрчлөх,
- Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,
- ОУ-ын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх.
МҮХАҮТ-аас 5000 орчим бизнес эрхлэгчийг хамруулан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааг хийжээ. Уг судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин 2020 оноос хойш 0.12 нэгж буюу 5 хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн байна. Энэ бол бизнес эрхлэхэд татварын орчны хүндрэлүүд байсаар байгааг илэрхийлж байгаа юм. 2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна. Үүнээс 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байгаа аж .Орлогын албан татварын 71.4 хувийг ААНОАТ эзэлж байгаа нь татварын ачаалал өндөр байгааг илтгэж байна.
Үүнээс 2023 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нийт татварын орлогын 29 хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.
Далд эдийн засгийн судалгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ний 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг оршин тогтнож байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолжээ. Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм гэж МҮХАҮТ-аас дүгнэсэн байна.
Түүнчлэн, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын багц хуулиуд нь зөвхөн татвар, хураамжийг бүрдүүлж, улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд татвараа төлсний дараа үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж өсөн дэвших боломжгүйд хүргэж байна.
Тодруулбал, НӨАТ 10%, НДШ 14%, ААНОАТ 10%, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна.