Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2022 онд ОХУ-тай "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" хийсэн. Энэ хэлэлцээр нь алсдаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эхлэл байсан бөгөөд энэ ажлыг Л.Гантөмөр, С.Амарсайхан нар үргэлжлүүлж, тус холбоонд Монгол Улсыг түр элсүүлэх гэж оролдсон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард бизнесийнхэн болоод УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан.
Хамгийн ноцтой нь Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх ажлыг хоёр жилийн өмнөөс маш нууцаар эхлүүлж, бүх түвшинд хав дарж байсан нь төгсгөлдөө ил болж, олон нийтийг бухимдуулсан нь тэр байлаа.
-АЖЛЫН ХЭСЭГ ЭНЭ САРЫН 21-НИЙ ӨДӨР ХУРАЛДСАН Ч ТОДОРХОЙ ШИЙДВЭРИЙГ ГАРГААГҮЙ БАЙНА-
Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тус холбоонд элсэх гэрээнд Москвад гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан юм.
Улмаар нийгмийн бухимдлыг, УИХ-ын гишүүдийн эсэргүүцлийг давж чадахгүйгээ мэдэнгүүт Шадар сайд С.Амарсайхан бизнесийнхнийг дуудаж уулзан, "Би энэ ажилд огт оролцоогүй. Эдийн засаг хөгжлийн яам, Л.Гантөмөрийн л хийж байгаа ажил" гэж хэлээд Евразийн эдийн засгийн холбоотой хийх түр гэрээг хойшлуулахаар болсныг мэдэгдсэн.
Улмаар Засгийн газрын хуралдаанаар тус холбоонд элсэхийг түр хойшлуулах шийдвэрийг албажуулсан юм. Угтаа бол С.Амарсайханы сайнд биш дотоодын аж, ахуй нэгжүүд болон УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхлэнгүүт л Засгийн газраас "Манайхан эсэргүүцэж байна. Дахин нягтлах шаардлагатай. Хугацаа хэрэгтэй" гэх агуулга бүхий захидлыг Моксва руу явуулсан байдаг. Харин айлын тал уг захидалд хариу ирүүлээгүй бөгөөд үүнээс үл хамааран Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын түвшинд уг асуудлыг хэлэлцээд хойшуулах саналд нэгдсэн юм.
Тэгвэл Эдийн засаг хөгжлийн яаманд байгуулагдсан Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх асуудлыг судлах ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт /2025.02.21/ хуралдсан байна. Хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой шийдвэрийг гаргаж чадалгүй тарсныг эх сурвалж мэдээлэв.
-В.ПУТИНЫ МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР ТУС АСУУДАЛД САНАЛ НЭГДСЭН УЧИР ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮУ-
Хамгийн анхаарал татаж буй нь Евразийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэх асуудлаар сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шахаж байж болзошгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн есдүгээр сарын 04-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
Энэ үеэр В.Путин “Экспорт, импортын эргэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг улам дотно хөгжүүлэх нь чухал. Монгол Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачлагыг Орос улс дэмжин ажиллаж байгаа" гэж мэдэгдэн манай улсыг тус холбоонд элсэхийг ил цагаан шахсан.
Манай талаас ч тус холбоонд элсэхийг түүний айлчлалын үеэр илэрхийлсэн учир одоо хэлсэн амандаа хүрэхийн тулд шахалт үзүүлж байгааг албаныхан ярьж байна. Тиймээс ч тус холбоонд түр элсэх ажлыг хариуцан ажиллаж буй Эдийн засаг хөгжлийн яам, Л.Гантөмөр сайд нар яаравчилж байгаа аж. Хамгийн наад захдаа 2025 оны арванхоёрдугаар сард болох тус холбооны уулзалтын үеэр энэ ажлыг ажил хэрэг болгож мэдэх юм. Эдийн засгийн хөгжлийн яамнаас түр гэрээний төслийг боловсруулсан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлуулах хуультай.
-ТУС ГЭРЭЭ НЬ МОНГОЛД АШИГГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" АЯНТАЙ ЗӨРЧИЛДӨХ ЮМ-
УИХ-ын гишүүд, аж, ахуй эрхлэгчид, эдийн засагчид тус гэрээг эсэргүүцэж буй шалтгаан нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байгаатай холбоотой. Гэрээг ЭНД дарж унших.
Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлнэ. Тус хэлэлцээрийн цаана ОХУ нь олон улсад хоригтой учраас зарж чадахгүй, чанаргүй бараа бүтээгдэхүүнээ Монгол руу шахах гэж байна гэх хардлагаас өөр бодитой үндэслэл алга байгаа юм. Хариуд нь Монголоос мах, ноос ноолууран бүтээгдэхүүн гэсэн цөөн нэр төрлийн барааг л авна. Бид ОХУ-ын зах зээлд овоож оцойтол бараагаа борлуулж чадахгүй. Манай улс мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэнэ. Цаашлаад энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм. Уг нь манай улс 19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв. Үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс үзвэл худалдааны тэнцэл илүү нэмэгдэхээр байгаа юм.
-ЯПОНТОЙ ХИЙСЭН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮР ДҮНГЭЭ ӨГӨӨГҮЙГ ЭДИЙН ЗАСАГЧИД ОНЦОЛДОГ. ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНД ЭЛСЭЭД Ч ТУС АЛДААГ ДАВТАХ МАГАДЛАЛТАЙ-
Дээрхээс гадна манай улс ойрын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдааны гэрээ хийхээр бэлтгэж байгаа аж. Энэ хүрээнд Cass, Hite зэрэг шар айргийг татваргүйгээр Монголд импортлохоор талууд ярилцаж байгааг эх сурвалж мэдээллээ. Манай улс нь Монгол Улс Европын холбоо, Япон улстай Чөлөөт худалдааны гэрээтэй. Уг гэрээний үр дүн маш муу байгааг эдийн засагчид онцолдог.Тодруулбал, гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй, ААН-үүд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн давуу талуудыг бүрэн ашиглахгүй хэвээр байгаа аж. Харин тус улсаас Монголд худалддаг бараа өссөн юм. Манай нийт импортын 8 хувийг, экспортын нэг хувийг Японтой хийсэн худалдаа эзэлжээ. Мөн тус улсаас манай улсад хийсэн хөрөнгө оруулалт 2018 оноос хойш буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлээгүй байна.