Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 6 га газарт хийх түлшний станц барих ажлыг зарим гишүүд "Б.Чойжилсүрэнгийн эрх ашиг" хэмээн бухимджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 6 га газарт хийх түлшний станц барих ажлыг зарим гишүүд "Б.Чойжилсүрэнгийн эрх ашиг" хэмээн бухимджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн 6 га  газарт хийн түлшний станц байгуулахаар ажиллаж эхэлжээ. 

Уг асуудлыг НИТХ-ын энэ сарын 20-ны өдрийн /2025.02.25/ хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Т.Батцогт нар эсэргүүцэж үг хэлсэн байна. Учир нь тус төсөл нь Усны тухай хууль болон холбогдох бус хэд, хэдэн хуультай зөрчилдөж байгаа учир Ус сувгийн удирдах газраас эхлээд олон байгууллагууд эсэргүүцсэн дүгнэлтийг гаргаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар, Эрчим хүчний яамнаас уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд анхнаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад байгууллагуудтай огт зөвшилцөөгүй байна.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар тус төслийг хэрэгжүүлэхийг дэмжжээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлсэн энэ төслөө өнөөдөр /2025.02.25/ ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахад зарим нь бухимдаж "Нийслэлчүүдийн агаарладаг ганц газарт станц барина гэж юу яриад байна вэ. Улаанбаатар хотын зүүн өмнө зүгийн бүх хорооллын цахилгааныг энэ станцаас шийдэх юм байна. Гэтэл зүүн өмнөд зүгт дандаа чиний барьсан барилгууд байрлаж байна. Чи тэр бизнесээ цаагуураа хий, төрийн сайд хүн шүү. Нийслэлчүүдийн ганц амардаг газрын 6 га-д нь цахилгаан станц барих нь газаргүй болгохын зэрэгцээ аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй" зэргээр бухимджээ. 

Харин Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар "Эрчим хүчний мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж, энэ асуудлыг тавьсан. Миний хувьд Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаа танилцуулж, шийдвэрээ гарга. Засгийн газар НИТХ-д асуудлаа тавьбал НИТХ үүнийг шийднэ гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хоёулаа яриад ийшээ барья гэж хэлж болохгүй. Хүндрэлтэй цэг байна гэж харсан юм шиг байна. Миний гайхаж байгаа юм нь дулааны станцаа барьж чадахгүй мөртлөө цаана нь том айлын эдлэн байгаад байдаг. Шударга ёсны ялгамжтай байдал нийтийн эрх ашиг гэдэг үүднээс асуудлаа тавья. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцье" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Тийм учир удахгүй ажлын хэсэг, НИТХ-ын хурлаар тус дэд станц барих газрын асуудлыг шийдвэрлэх бололтой.