Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг энэ сарын 21-ний өдөр /2025.02.21/ гардуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгааг эх сурвалж мэдээллээ. Тэгвэл олон нийт, улстөрчдийн хамгийн ихээр анхаарал хандуулж буй хэргийн оролцогч болох УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яг одоогийн байдлаар тогтоолоо гардан аваагүй байна.
-УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: 12 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР ШҮҮГЧ ШИЙДВЭРЭЭ АМААР ТАНИЛЦУУЛСНААС ХОЙШ ШҮҮХИЙ ШИЙДВЭР ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛСЭН-
Энэ талаар Улсын Дээд Шүүхээс тодруулахад "Д.Цогтбаатар нь тогтоолоо гардан аваагүй байна. Хүмүүс тогтоолоо гардан авсаар байгаа бөгөөд цөөн хүн үлдсэний нэг нь Д.Цогтбаатар. Бид 80 гаруй хүнд тогтоолыг нь гардуулан өгч байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь тогтоолоо гардан авахгүй бол бид энэ долоо хоногтоо багтан шуудангаар хүргүүлнэ. Шуудангаар хүргүүлсэн цагаас эхлэн хүлээж авсанд тооцдог" гэсэн юм.
Түүнийг тогтоолоо гардан авснаас эхлэн УИХ-ын гишүүнийнх нь бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө хэмээн зарим УИХ-ын гишүүний зүгээс тайлбарлаж буй юм. Гэвч энэ нь шалтаг байх магадлалтай аж.
Учир нь Улсын Дээд Шүүхийн зүгээс "Шүүгч нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг амаар хэлж, танилцуулсан. Яг тэр мөчөөс шүүхийн шийдвэр албажаад эхэлсэн" гэсэн юм. Тийм ч учраас тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийг шүүхийн шийдвэр гарсан даруйд Хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг.
Мөн бусад хэргийн оролцогчдод тэр өдрөөс шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлсэн. Цаашлаад Улсын Дээд Шүүх нь шүүгч шийдвэрээ амаар танилцуулсан дээрх өдөр шийдвэрийг нэг, нэг хувь үйлдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. Тэгэхээр Д.Цогтбаатарт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллах шаардлагатай байх нь. Цаашлаад УИХ хууль биелүүлэх ажлаа хийхгүй байгаа нь энэ кейсээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ нь өнгөрсөн хугацаанд Д.Цогтбаатарын асуудал дээр ажиллаж, хууль хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаагүй байна.
Учир нь Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно,
Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5.4-т намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэх зэргээр тодорхой зааж өгчээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд Шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж заасан. Энэ дагуу Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ биелүүлэх үүрэгтэй гэж заасан байна.
Энэ дагуу УИХ- нь Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг албажихыг хүлээж 60 хонохгүйгээр өнгөрсөн хугацаанд тус байгууллагын архив болон бусад газарт хүсэлтээ илгээж хариу авах түүндээ үндэслэн хуулийг хэрэгжүүлж болох байсныг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
-УИХ-НЬ ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ УНШИЖ ТАНИЛЦУУЛААД Л БОЛНО-
Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учир МАН-ынхан уг асуудлаар Ардчилсан намын удирдлагуудад шахалт үзүүлж, Д.Цогтбаатарыг эргүүлэн татан хангайн бүсэд нөхөн сонгуулийг явуулахаар дор бүрнээ хөөцөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, МАН-аас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Ганболд, АН-аас З.Энхболд, УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн нарыг дахин нэр дэвшиж өрсөлдөхөөр идэвхтэй байгаа гэх мэдээлэл бий.
Одоо Улсын Дээд Шүүхийн тогтоолыг УИХ-ын индрээс уншиж, танилцуулаад л болох юм. Товчхондоо, УИХ-ын гишүүдийн дунд энэ асуудлаар санал хураалт явуулахгүй. Тиймээс Д.Цогтбаатарыг УИХ-д нь авч үлдэхийн түүний ах Д.Мөнх-Эрдэнэ эрх баригчтай тохиролцохоор ажиллаж байж болзошгүй байгаа.
Тодруулбал, саяхнаас Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг MCS компанитай холбон нэлээн шоглож лайв хийсэн. Тэр дүүгээ УИХ-д нь үлдэхийн тулд Засгийн газрыг дэмжиж, кнопоор нь наймаалцах тохироог хийж магадгүй. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм.
Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.