Хөгжлийн банкны хэрэгт оролцогч цөөн хэдэн хүн тогтоолоо гардан аваагүйн нэг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байна гэв

Хөгжлийн банкны хэрэгт оролцогч цөөн хэдэн хүн тогтоолоо гардан аваагүйн нэг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байна гэв

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг энэ сарын 21-ний өдөр /2025.02.21/ гардуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгаа аж. Тэгвэл олон нийт, улстөрчдийн хамгийн ихээр анхаарал хандуулж буй хэргийн оролцогч болох УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яг одоогийн байдлаар тогтоолоо гардан аваагүй байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Цогтбаатар нь тогтоолоо гардан аваагүй байна. Хүмүүс тогтоолоо гардан авсаар байгаа бөгөөд цөөн хүн үлдсэний нэг нь Д.Цогтбаатар. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь тогтоолыг гардан авахгүй бол бид энэ долоо хоногтоо хүлээгээд шуудангаар хүргүүлнэ. Шуудангаар хүргүүлсэн цагаас эхлэн хүлээж авсанд тооцдог" гэлээ. Учир нь түүнийг тогтоол гардан авснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө хэмээн УИХ-ын гишүүдийн зүгээс тайлбарлаж буй юм. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм. 

Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.