Спортын тоглолтуудад бооцоо тавьдаг “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн.
Уг ажлын хэсгийн анхны хурал өнгөрсөн баасан гарагт /2025.02.21/ Төрийн ордонд болсон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа. Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээсэн. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна" гэсэн.
-МАНАЙ УЛСАД "1XBET"-ИЙН 100 ГАРУЙ ИДЭВХТЭЙ АГЕНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, 1 АГЕНТИЙН ДАНСААР ЖИЛДЭЭ 10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭНЭГЛЭЛТ ХИЙГДДЭГ БАЙНА-
Тэгвэл "1xBet"-ийг шалгах ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Прокурор, Монополын эсрэг газар, Цагдаагийн ерөнхий газар, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг олон байгууллагын бүрэлдэхүүн багтжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "1xBet" агентууд Монгол улсад пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар ажилладаг байна. Бүлэг хоорондоо өрсөлдөөнтэй, тус тус маркетинг бодлоготой, ажлын байр байгуулан ажилладаг бөгөөд үүнийг нэр бүхий олны танил хүмүүс сурталчилж оролцжээ.
Манай улсад "1xBet"-ийн 100 гаруй идэвхтэй агент үйл ажиллагаа явуулж байж болзошгүй байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 1 агентийн дансаар жилдээ 10 орчим тэрбум төгрөгийн цэнэглэлт хийгддэг байна. Жилд манай улсаас 500 сая ам.доллар "1xBet"-ийн агентуудаар дамжин гадагш урсаж байгааг мэргэжлийнхэн тогтоожээ. "1xBet" нь "Curasao egaming License", "Curacou" зэрэг бооцоот тоглоомын олон улсын лицензтэй Кипр улсад төвтэй онлайн мөрийтэй тоглоомын компани юм. Тус компанийг Орост Роман Семиохин, Дмитрий Казорин болон Оросын тагнуулын ажилтан асан Сергей Каршков нар үүсгэн байгуулжээ. Одоо тус хүмүүсийг олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна. "1xBet" нь олон улсын франчайзын бизнесийн загвараар үйл ажиллагаа явуулдаг. "1xBet"-ийг нэг сард 5 саяас дээш хэрэглэгч идэвхтэй ашигладаг байна. Хэдийгээр зарим улс орнууд "1xBet"-ийг хориглосон хэдий ч хөлбөмбөгийн болон е-спортын дэлхийн том клубуудтэй хамтран ажилладаг аж.
-11 ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ 22 ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙГАА АЖ-
Одоогоор хууль хяналтын байгууллагууд тус үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтанд 11 этгээдэд холбогдох 22 хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Үүнд нь дээрх үйл ажиллагааг сурталчилсан олны танил эрхмүүд ч байж болзошгүй гэв.
Мөн Татварын ерөнхий газраас 112 агентад татварын хяналт шалгалт явуулж 2.4 тэрбум төгрөгийн акт тавьж, 284 сая төгрөгийн торгуулийг ногдуулжээ.
Манай төрийн байгууллагууд "1xBet"-тэй холбоотой олон домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг зогсоосон бөгөөд цаашид зогсоохоор ажиллаж байгаа аж. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монополын эсрэг газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан "Хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамж"-ийг 2024 оны 10 сарын 20-ны өдөр батлажээ. Энэхүү хяналт шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ингээд 2018-2024 оны хооронд "1xBet"-тэй холбоотой нийт 25 домэйн хаягийг Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж, Android болон iOS аппликейшнийн зохицуулалттай холбоотой хамтын ажиллагааг эхлүүлэх албан хүсэлтийг Apple, Google компанид илгээгээд байна.