УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр сонгосон нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд байгаа.
-Ж.БАТЗАНДАНГ УЛС ТӨРД ОРУУЛСАН ХҮН НЬ ТҮҮНИЙ ЦАГ ТУТАМ МУУЛСААР БАЙДАГ Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ НАР ГЭХ-
Ж.Батзандан 2012, 2016 оны парламентын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь Ц.Элбэгдорж гэлцдэг. Энэ талаар “хоёр ч удаа Ж.Батзанданг шоронгоос суллаж, АН-д оруулж гишүүн болгосон хүн нь Ц.Элбэгдорж шүү дээ” гэж нэр бүхий АН-ын гишүүн улс төрч ярьж байсан удаатай. Мөн Ж.Батзандан өөрөө ч “Ц.Элбэгдоржийг дэмжиж ерөнхийлөгч болгосон, Монгол Улс ийм ардчилсан ерөнхийлөгчтэй болж байгаад туйлын баяртай байгаа” хэмээн ярьж байв.
Гэтэл одоо Ж.Батзандан дуугарсан, хэлсэн болгоноороо Ц.Элбэгдорж руу дайрч, давшлан, түүн шиг муу хүн Монголд байхгүй талаар ярьж байгаа нь нууц биш.
Тухайлбал, тэрбээр 2019 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “МАНАН бүлэглэлийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, ийм байдалд оруулсан Ц.Элбэгдорж гэх хүнийг яаралтай баривчилж ирэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдэж байсан бол өнгөрөгч долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр мөн Ц.Элбэгдоржийг шүүмжилж ярив.
ВИДЕО:
Харин АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа "Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Ж.Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ. “Хүн алж, хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ. Өмч хураалтаар рэкет хийн хөлжсөн ногоон малгайтан их байсан гэдэг" гэж жиргэсэн бол түүний хариуд ЗГ-ын БЭТ Ж.Батзандан "Зориг агсны гэрт ногоон малгайгаа мартсан Алуурчин Монголын Ардчилал, ард түмний эсрэг олон жил явж байгаа. Ногоон малгай гэснээс Бат-Үүлийн ногоон малгай, үс хоёр Зориг агсны гэрээс олдсон. Ардчиллын эцгийг хэн хороосон бэ" гэв.
“Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Бат-Занданд,нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ! “Хүн алж,хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ.Өмч хураалтаар рэкет хийн хөлжсөн ногоон малгайтан их байсан гэдэг!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) February 18, 2025
Үүгээр ч тогтохгүй Ж.Батзандан хэд хэдэн удаа “У.Хүрэлсүх ерөнхийлөгчид би олон удаа тусалж явсан ч тусыг мартсан”, “У.Хүрэлсүх гэх хүн Монголын хаан, дарангуйлагч болчихоод байна” гэх зэргээр ноцон дайрч байсан бол одоо Хүрэлсүхийг аяглаж, эеийг нь харж тал засан гүйж яваа нь ил харагдана. Тодруулбал, Ж.Батзанданг өнгөрөгч долоо хоногт "хувийн хэвшлийнхний арьсыг хуулах" талаар мэдэгдэл хийсний дараа Ерөнхийлөгч "Хувийн хэвшлийнхэн Монголыг хөгжүүлж байгаа. Хувийн хэвшлийнхэндээ баярлалаа" гэх зүйлийг ярьсан. Харин үүний дараа Ж.Батзандан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Тийм ээ. Үндэсний эв нэгдэл хамгаас чухал” гэсэн байх юм.
ВИДЕО:
-СОНГУУЛИЙН ӨМНӨ “МАН Л БИШ” ГЭЖ ЯРЬЖ ЗОГССОН ТЭРБЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН БЭТ-ЭЭР ТОМИЛОГДОВ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Батзандан нар бол “шударга 5”-ын гишүүдийн хоёр нь. Ж.Батзандан 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдсан. Тэр нэр дэвшихдээ “МАН л биш бол хаанаас ч нэр дэвшихэд бэлэн. Ард түмнийг дарамталж, Монголыг ядуурал руу хөтөлж байгаа МАН-ыг бид ялахаар нэр дэвшиж байна” хэмээн ярьж зогссон бол хэдхэн сарын дараа МАН-тай нэгдэж, “шударга 5-ын тэмцэл одоо ч үргэлжилж байгаа” хэмээн ярин зогсох.
Түүнчлэн Ж.Батзандан 2020 онд ШИНЭ намаа удирдан сонгуульд оролцож ялагдал хүлээсэн ч МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулсан шагналаа хүртэж, МАН-ын бялуунаас хуваалцан Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон байдаг. Улмаар Монголд ирээд хоёр жил гаруй хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хоёр сар гаруй хоригдсоны эцэст сонгуулийн өмнөхөн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Түүний шалгагдаж байсан хэргийг тодруулбал “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байсан. Харин өнгөрсөн оны сонгуулийн өмнөхөн ШИНЭ намаа орхин АН-тай нэгдэж сонгуульд оролцоод ялагдал хүлээсэн. Энэ удаад мөн л МАН-ын бялуунаас хүртэж, Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэх БЭТ-ээр томилогдов.
Ж.Батзандангийн хэлснээр бол түүнтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хоёр очиж уулзаад санал тавьсан гэх. Ийнхүү дээр дурдсан жишээнүүдээс харахад “Увайгүй улс төрч” гэх хочит Ж.Батзандан нь Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар луу тун удахгүй ноцон дайрахыг үгүйсгэх аргагүй.