УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ

Засгийн газрын энэ сарын 19-ний /2025.02.19/ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өнөөдөр /2025.02.21/ ажилдаа орсон байна. Тус газар нь "Хүүхдийн фонд"-ын хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйн дээр өндөр төсөвтэй газар юм. Тус байгууллага нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж  хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн ордон, зуслан, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхдээс гарсан санал санаачилгыг дэмжих замаар  хүүхдийн хөгжих, оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, салбарын хэмжээнд иргэдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг дижитал шилжилтийн хүрээнд цахимжуулах, хялбар, ухаалаг болгох чиглэлд ажилладаг юм. Цаашлаад олон нийтийг соён гэгээрүүлэх, аливаа хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд шаардлагатай мэдлэг мэдээлэл хүргэх, нийгмийг сайн сайхан, эерэг хандлагад уриалах, сайн туршлага, үлгэр дуурайлыг алдаршуулан түгээх юм. 

Б.Баярсайханы хувьд сэтгүүлч мэргэжилтэй, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны дарга зэрэг ажлыг хашиж байсан. Өнгөрсөн сонгуульд Завхан, Увс, Ховд, Говь-Алтайн бүсэлд нэр дэвшээд ялагдсан юм.