Энэ сарын 13-ны өдөр /2025.02.13/ Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийж, Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс хөөж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Удирдах Зөвлөл хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан талаар танилцуулсан юм.
Энэ талаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа. Тэрбээр Л.Гантөмөр нь Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг тээж авч явж чадахгүй болсон учир хөөнө гэсэн юм.
ВИДЕО:
-АРДЧИЛСАН НАМЫН 80 МЯНГАН ГИШҮҮН Л.ГАНТӨМӨРИЙГ ХӨӨХИЙГ ДЭМЖСЭН-
-Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс хөөнө гэсэн таны хийсэн мэдэгдэл танай намын гишүүдэд нэлээн цохилт болох шиг боллоо. Нэлээн ч маргаан дагууллаа. Тодруулбал, таны тэргүүлж буй холбоо намаас гишүүнийг нь хөөдөг сүбьект мөн үү. Эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу гэдэг асуудал хөвөрлөө. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Ардчилсан намын үнэт зүйл бол үзэл санаа нь юм. Үзэл санааг тээгчид нь энэ намын гишүүд. Тийм учраас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 80 гаруй мянган гишүүнийнхээ саналыг цахимаар авсан. Тодруулбал, "Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр ажиллах боломжтой юу, энэ хүн Ардчилсан намын үзэл санааг тээж авч явж чадахуу" гэдгийг гишүүдээсээ асуусан. Энэ санал асуулгын хариултад үндэслэн Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс хөөх шийдвэрийг манай холбооноос гаргасан юм. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тодорхой зүйл, заалтыг үндэслэсэн.
-Тэгэхээр энэ танай намын гишүүдийн хүсэл байсан юм уу?
-Тийм. Манай намын гишүүдийн хүсэл байсан. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо яг ийм үед Ардчилсан намын амин сүнс нь болдог. Учир юу вэ гэвэл, манай нам 2024 оны УИХ-ын сонгуулиар олонх болж чадаагүй. Ард түмэн Ардчилсан намыг сөрөг хүчин болж ажиллаасай гэж хүсч саналаа өгсөн. Хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэн хүсэл манай намын гишүүдэд ч, ард түмэнд ч бий. Хүсэл зорилгыг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гишүүд нь үнэхээр аргаа бардаг юм байна.
-80 мянган гишүүн дэмжээд Л.Гантөмөрийг Ардчилсан намаас хөөх шийдвэрийг гаргасан юм байна. Тэгвэл та бүхний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болж чадах юм уу?.
-Шийдвэр хүчинтэй байх бүрэн үндэслэлтэй. Уг шийдвэрийг биелүүлэх үүргийг Ардчилсан намын шат, шатны байгууллага хүлээсэн. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо уг шийдвэрийг баталгаажуулах ёстой. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчиж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. 2008 онд Санжийн Баяр стандарт бус шийдвэр гаргаж, стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Энэ удаагийн УИХ дээрх стандарт бус шийдвэрийг давтаж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь хамгийн ноцтой зөрчлийг бий болгосон юм. Үүнд л Ардчилсан намын гишүүд дургүйцэж байгаа. Сөрөг хүчин байх үүрэг даалгавар авсан Ардчилсан нам эрх баригчидтай нэг хөнжилд орсон нь Л.Гантөмөрийг хөөх үндэслэл болж байгаа. Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдийн зүрх сэтгэлд "Л.Гантөмөр дарга биш" гэдэг итгэл үнэмшил хэдийн суусан. Манлайлагч биш болсон гэж ойлгож болно.
-БАС Л.ГАНТӨМӨР ӨӨРИЙНХӨӨ АМААР ӨӨРИЙГӨӨ ХӨӨСӨН. МАНАЙ НАМЫН ДҮРМЭЭР Ч.ЛОДОЙСАМБУУ, Ж.БАЯРМАА НАР БИШ ТЭДНИЙГ ХӨӨЖ БАЙГАА Л.ГАНТӨМӨР ХӨӨГДӨХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ-
-Энэ Засгийн газар долоон сарын өмнө байгуулагдсан. Тэр үед нь та энэ шүүмжлэлээ хэлээгүй мөртлөө одоо яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Тэр үед нийгмийн зүгээс энэ асуудлыг маш ихээр хөндсөн. Зөвхөн ганц миний ч асуудал биш юм. Ардчилсан нам цаашлаад УИХ-д суудал авсан бүх намыг хүчтэй сөрөг хүчин болж ажиллаасай гэж ард түмэн хүссэн шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг байгуулагдахад нийгмийн зүгээс их шүүмжилсэн. Учир нь 2026 оноос хойш МАН тасралтгүй эрх барилаа. Энэ хугацаанд асар их мөнгө, хөрөнгө шамшигдуулсан асуудал л гарлаа. ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний 60 их наяд, Ногоон автобусны хулгай гээд санхүүгийн эдийн засгийн ноцтой зөрчил гарсан биз дээ. Ард түмэн үнэхээр бухимдсан. Сөрөг хүчингүй байсан учраас л ийм их булхай луйвар гарсан байна гэж үзэж байгаа. Цаашилбал, энэ богино хугацаанд ийм их мөнгийг "идэж" байгаа хүмүүс хойшид 14 том төслийг хэрэгжүүлэхдээ хэдэн жава төгрөгийг үрэн таран хийх болоо. Тиймээс урьдчилан сэргийлэх, эх орны баялгийг үрэн таран хийлгэхгүйн тулд сөрөг хүчин хангалттай сайн ажиллах ёстой гэсэн байр суурийг бид байнгын илэрхийлж байна.
-Сүүлийн үеийн процессыг ярьцгаая. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах саналыг гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байна. Энэ саналыг гаргасан Ч.Лодойсамбууг, дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг Ардчилсан намаас хөөх хариуцлагын арга хэмжээг авч магадгүй гэж мэдэгдлээ. Л.Гантөмөрийн энэ мэдэгдэл Ардчилсан намын үнэт зүйл, Ардчиллыг хамгаалах итгэл үнэмшилтэй нийлж чадах уу?
-Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаанаас ухарсан маш ноцтой мэдэгдлийг хийсэн.
-Тэгээд л та бухимдсан уу?
-Ер нь бол бухимдал Ардчилсан нам сонгуульд ялагдсаны дараагаас эхэлсэн. Ардчилсан намын дарга УИХ-ын сонгуулийн үеэр ямар идэвхтэй байсан юм. Маш сул л байсан шүү дээ.
Хоёрдугаарт, Л.Гантөмөрийн сүүлд хийсэн мэдэгдэл нь дүрмээ уншдаггүй, үзэл санаагаа мэддэггүй, үзэл баримтлалыг ойлгоогүй гэдгийг илэрхийлсэн. Намын Үндсэн дүрэмд тодорхой бий шүү дээ. Намын гишүүнийг ялангуяа УИХ-ын гишүүнийг намаас хөөх тохиолдолд шийдвэр гаргасан хүн нь өөрөө хөөгдөнө. Тийм учраас Л.Гантөмөр өөрийнхөө амаар өөрийгөө хөөсөн шүү дээ.
-Бид Ардчилсан намыг ардчиллыг хамгаалагч гэж үздэг. Энэ нам хүний үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэдэг нам гэсэн ойлголт бидэнд бий. Аль ч Засгийн газрын үед огцруулах саналыг гаргаж л байдаг. Энэ бол эрүүл парламентын хэлбэр. Гэтэл энэ бүхнийг хайрцаглах гээд байгаа юм шиг үг хэлсэн нь анхаарал татаж байгаа юм?
-Би чамтай санал нэг байна. Ардчилсан нам бол баруун жигүүрийн нам. Энэ намын үзэл санаа, үзэл баримтлал нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний заалтад тулгуурладаг юм. Үндсэн хуулинд үндэслэн дүрмээ гаргасан. Амин сүнсийг нь үндсэн дүрэмдээ шингээсэн. Яг энэ үзэл санааг дүрэмдээ шингээсэн нам Монгол Улсад цөөн. Өнөөдрийн эрх баригч нам зүүн жигүүрийн социал демократ үзэл баримтлалтай нам. Манай намын удирдах байгууллага нь нийт гишүүдийнхээ итгэл үнэмшлийг тээж авч явах ёстой. Энэ удирдах байгууллага ажиллаж чадахгүй бол Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн асуудал эмзэг болж эхэлнэ.
Монголын эдийн засаг, хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлд ажиллах орой зай хумигдсан учраас Ардчилсан нам яаралтай Их хурлаа хуралдуулах ёстой юм.
Их хурлаа хуралдуулж бид шинэ даргаа томилно. Энэ үзэл санааг тээгч, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг эрхэмлэж ажиллах хүнийг бид даргаараа сонгоно. Тиймээс Ардчилсан нам маш яаралтай Их хурлаа хуралдуулах шаардлага байна.
-Л.Гантөмөрийг хөөх шийдвэр хэрэгжихгүй бол таны хийх дараагийн алхам юу байх вэ?
-Хувь хүнийхээ хувьд Л.Гантөмөртэй ямар нэгэн зөрчилт харилцаагүй. Зөвхөн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаа учир л энэ асуудлыг хөндөж байгаа юм. Бид 2000 оны дундаас биенийгээ мэдэж, найз нөхдийн харилцаатай байсан. Бид "Нэг ардчилал" клубыг байгуулж, анхны зохицуулагчаар нь би ажиллаж байсан. Тэр үеийн Гантөмөр биш болсон байна лээ. Манай хүн хоёр удаа УИХ-ын гишүүн, Боловсролын сайдаар ажилласан. Өнөөдрийн хамтарсан Засгийн газарт Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Хүн өөрчлөгдөж болно. Гэхдээ үзэл санаа гэдэг бол газартай гагнагдсан мэт бат бөх байх ёстой. Миний хувьд Л.Гантөмөрийг энэ үзэл санаагаа тээж авч явж чадахгүй, хэлж ярьж байгаагаа ухамсарлахгүй, намынхаа үнэт зүйлийг ойлгохгүй байгаа явдал нь ижил нөхдийнхөө дунд ороод өөрийгөө олоод авсантай нь холбоотой юм байна гэж харж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ МАН-ын үнэмлэхээ энэ хүндээ өгөх хэрэгтэй. Би өөрөө энэ талаар Л.Оюун-Эрдэнэ рүү утсаар хэлнэ.
-БИ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮНЭЭС ХӨӨГДСӨН ЭРГЭЭД ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭСЭН-
-Таныг хэвлэлийн бага хурал хийсний дараа Ардчилсан нам мэдэгдэл гаргасан. Ингэхдээ таныг Ардчилсан намын гишүүн биш байсан гэсэн. Бүр зарим нь олон жилийн өмнө намын гишүүнээс хөөгдсөн ч гэж хэлсэн. Таны Ардчилсан нам дахь түүх юу юм бэ?
-Би Японд сурч байгаад 2001 онд ирсэн. Тэр үед Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдчихсан байсан. Бүр УИХ-д нэг суудалтай байсан. Тэр үед энэ намд гишүүнээр элссэн. Түүнээс хойш Үндэсний бодлогын хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Өвөрхангай аймгийн намын хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг хийж байсан. Намайг үе, үеийн дарга нарт халтай гэж ярьдаг. Н.Алтанхуяг, З.Энхболд дарга нартай үзэл санаа таарахгүйн улмаас зөрчилдөж хөөгдөж байсан. Гэхдээ Ардчилсан намд нэг сайхан зүйл бий. Тэр нь гишүүнчлэлийг сэргээх боломж. Одоо би намын гишүүн.
-Таны энэ шийдвэр ажил хэрэг болж чадахгүй юм шиг харагдаж байна?
-Ардчилсан намын үзэл санааг тээгч олон мянган гишүүний уур бухимдлыг битгий хүргээрэй гэж хэлмээр байна. Энэ үүднээс манай холбоо Ардчилсан намын гишүүдийн дуу хоолой болдог юм. Үүнийг манай намын удирдлагууд ойлгох хэрэгтэй. Маш их хүч бидэнд байна. Үзэл санаа бол хамгийн хүчтэй нь юм. Үзэл санааны ард энэ орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрхт байдал багтаж байдаг юм.
Энэ үзэл санаа Үндсэн хуулинд шингээстэй байдаг. Үүнийг алдагдуулах л юм бол Венесуэл, Беларусь л болно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүний үзэл болдоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөөг боомилж эхэлж байна.
Чөлөөт зах зээлийг хязгаарладаг болж байна. Үндэсний томоохон компани, хувь хүний өмч рүү дайрч байна. Бүр 1928 онд иргэдийн өмчийг хурааж байсан түүх давтагдах гэж байна. Ардчилсан нам бол дарга тойрсон биш гишүүн төвтэй, үзэл санаа төвтэй нам гэж хэлмээр байна.
Ний нуугүй хэлэхэд манай намын үзэл санааг тээж, 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцсон олон лидер рүү дайрч байна. Өнөөдрийн бидний аз жаргал, чөлөөт байдлыг авчирсан хүмүүс рүү бодлоготой дайрч байгааг дуугүй сонсоод, муу хэлүүлээд суумааргүй байна. Энэ тал дээр намын удирдлагууд дуугарч байгаа юм алга. Ардчилал эрх чөлөөнөөс холдуулах гэсэн, ардчиллыг авчирсан хүмүүсээс зайтай болгох гэсэн дарга төвтэй нийгмийг байгуулах гэсэн сэдвээр л сошиалд сэдэв хаяж өгч байна шүү дээ.
Яг энэ үед Ардчилсан нам ялангуяа удирдлагын зүгээс нь ямар манлайллыг үзүүлж байх ёстой юм бэ.Үнэндээ Л.Гантөмөрөөс ямар ч манлайлал гарахгүй байна шүү дээ. Л.Гантөмөрийн МАН-тай нийлсэн хослолоос Монголын ардчилал бүдгэрч байна. Энэ бол маш ноцтой.
-Ярилцсанд баярлалаа.