ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга "Хөх туг" уулзалтад суух иргэдийг цуглуулаагүй, хуралд хамт суугаагүй гэж Булганы засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үүргийг Б.Ариун-Эрдэнэд өгчээ

ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга "Хөх туг" уулзалтад суух иргэдийг цуглуулаагүй, хуралд хамт суугаагүй гэж Булганы засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үүргийг Б.Ариун-Эрдэнэд өгчээ

Энэ сарын 13-ны өдөр /2025.02.13/ Д.Пүрэв-Очирыг Булган аймгийн Засаг даргаас огцруулсан. Тодруулбал, түүнийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн хэмээн огцруулжээ.

-Х.БАТТУЛГА ЭНЭ САРЫН 02-НЫ ӨДӨР "ХӨХ ТУГ" АЯНААРАА БУЛГАН АЙМАГТ ОЧИХДОО Д.ПҮРЭВ-ОЧИРТ "ИРГЭДЭЭ ЦУГЛУУЛ, УУЛЗАЛТЫН ШИРЭЭНИЙ АРД ХАМТ СУУ" ЗЭРГЭЭР ШАХЖЭЭ-

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймгийн ИТХ-д МАН-15, АН-14 төлөөлөгчтэй болсон. Ганцхан төлөөлөгчийн зөрүүтэй Засгийн эрх барих нь хүндрэл их. Тийм ч учраас Булганыхан гурван сар ажиллаагүй Засаг даргаа огцруулж улстөржив. Өнгөрсөн 2020-2024 онд Баянгол дүүрэг яг ийм зовлонтой байсан бөгөөд энэ зовлон ирэх дөрвөн жилд Булган аймгийг ээрэх нь нэгэнт тодорхой боллоо. Олон нийтийн сүлжээнд нээлттэй мэдээлсэн Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлд, түүнийг хууль бус томилгоо хийсэн, өөрөө төрийн албанд гурваас доошгүй  ажил ажилласан, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон гэж бичжээ.

Гэвч хөшигний цаана тэс өөр үйл явдал өрнөсөн гэх мэдээлэл байна. Ерөөс Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас огцруулах яриа тохироо аль хоёр сарын өмнөөс ИТХ-ын төлөөлөгчдийн дунд яригдаж байж. Төлөөлөгчид гарын үсэг цуглуулах зэргээр алгуур ажиллаж байтал Х.Баттулга хоёр долоо хоногийн өмнө Булганд очихдоо Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг хурдлуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Баттулга “босоо” хочит С.Ганбаатарыгаа дагуулан “Хөх туг” аянаа хөдөө орон нутагт үргэлжлүүлэв. Тус аяныхаа хүрээнд энэ сарын 02-ны өдөр Булган аймагт очиж, иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан.

Ингэхдээ Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг иргэдээ цуглуул, өөрөө уулзалтын ширээний ард хамт суу зэргээр шахжээ. Д.Пүрэв-Очир нь Х.Баттулгын “Хөх туг” аяныг дэмжихгүй гэдгээ илэрхийлсний араас Х.Баттулга Б.Ариун-Эрдэнэдээ чиглэл өгснөөр огцруулах ажил шуударсан байна.

-Х.БАТТУЛГА "ХӨХ ТУГ" АЯНААРАА ИРГЭДИЙГ "АЖИЛ ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР СУУЖ БАЙ" ХЭМЭЭН УРИАЛЖ БАЙГАА -

Х.Баттулга “Хөх туг” аянаараа “иргэдэд үнэгүй юм тараана” гэж популизм хийж, “байгалийн баялаг болон төрийн өмчит компаниудыг иргэд эзэмшиж, ажил хийхгүй зүгээр амьдарч болно” гэх суртал ухуулгыг хийж байгаа. Тухайлбал,  Х.Баттулга Орхон аймагт иргэдтэй уулзах үеэрээ, “Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэд эзэмших хэрэгтэй. Миний энэ саналд С.Ганбаатар хань болно. Бид Монгол орноо тойроод 200, 300 мянган хүний саналыг аваад ирнэ. Стратегийн ордуудын 34-50 хувийг ард түмэнд өгөх ёстой” гэсэн ухуулгыг хийж яваа. Монголын хүн амын 60-70 хувь нь ажил хийе, хөрөнгөтэй болъё, сайхан амьдаръя гэсэн эрмэлзэлтэй, “бизнесийн идэвхжил маш өндөр” гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Харин өндөр хөгжсөн Европын орны иргэдийн дунд “бизнесийн идэвхжил 5-20 хувь” л байдаг байгаа юм.Товчхондоо,  Монгол Улсын иргэд “ажил, бизнес хийж сайхан амьдаръя” гэсэн хүсэл эрмэлзэл маш өндөр гэсэн үг. Харин Х.Баттулгын орон нутгаар тойрч, иргэдийг тархийг угааж яваа шиг уул уурхайн баялгийг зүгээр тараагаад ядуурал алга болохгүй. Учир нь Х.Баттулгын зүгээр өгнө гээд байгаа мөнгө иргэдийг залхуу болгоно. Харин залхуу хүн ядуурлаас гардаггүй гэдэг. Х.Баттулга, С.Ганбаатар нарын “байгалийн баялгаасаа иргэд зүгээр мөнгө аваад ажил хийхгүй амьдарч болно” гэх утгатай популизм нь монголчуудын “ажил, бизнес хийх идэвхжилийг сулруулж, залхуу, ядуу ард түмнийг бий болгох” суурийг тавьж байж магадгүй юм. Энэ агуулгаар дэмжих эсэх маргаан ч өрнөсөн байх магадлалтай. Х.Баттулга нь өөрийн улс төрийн хамтрагч, ойрын хүн болох Б.Ариун-Эрдэнийг Булган аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллуулсан. Энэ удаад  ч мөн Б.Ариун-Эрдэнийг Засаг даргад зүтгүүлж байгаа аж. Угтаа бол сонгуульд ялсан намын дарга Засаг даргаар ажиллах дүрэмтэй. Энэ үүднээс Б.Ариун-Эрдэнэд ямар ч боломж байхгүй ч Х.Баттулга “Би Ерөнхий сайдтай ярьчихнаа” гэсэн гэх мэдээлэл байна. Түүнийг “Хөх туг” аянаа Булганд хийчхээд явсны дараа аймгийн ИТХ бужигнаж, эцсийн мөчид АН-ын 14 дээр ИТХ-ын дарга Ш.Насандулам, Л.Одончимэг, Э.Мөнх-Очир нар нэмэгдэж Д.Пүрэв-Очирыг явуулжээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ Д.ПҮРЭВ-ОЧИРЫГ ОГЦРУУЛСАН БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 64.4-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй" гэж заасан.

Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн ИТХ-ын саналыг хүлээж авахгүй байх магадлал өндөр байгаа аж.

Тийм ч учраас хоёрдугаар сарын 15-ны өдөр Булганы МАН Их хурлаа хийж, намын бодлогоор Д.Пүрэв-Очирыг аймгийн намын хорооны даргаар сонгосон аж. Хэдийгээр болсон процесс энэ ч МАН нь Засаг авангуутаа төрийн захиргааны албан тушаалтнуудыг олноор нь ажлаас халсан, хэрэгжиж байсан сайн төслүүдийг зогсоосон зэрэг учир дутагдалтай ажлыг ч хийжээ. Энэ бүхэн нь хүний өөрийн хүмүүсий дургүйцлийг хүргэж уур амьсгалыг энэ түвшинд авчирсан байх магадлалтай аж. Гэхдээ энэ нь Засаг даргаа огцруулах, ажил зогсоох үндэслэл мөн үү гэдэг нь анхаарал татна.

-ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН Х.БАТТУЛГА ЦӨӨН ХҮН АМТАЙ, ЖИЖИГ АЙМГИЙН ДОТООД АСУУДАЛД ОРОЛЦОХ ХҮРТЛЭЭ "ДООШОО ОРСОН УУ"-

Х.Баттулга нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн хамгийн өндөр карьерт хүрсэн нэгэн. Гэтэл 62 мянгахан хүн амтай, хөгжил тааруу жижиг аймагт хүртэл очиж бужигнуулсан нь энэ аж. Тэрбээр өнгөрсөн намар Ардчилсан намын бүлгийн дарга болно гэж хүртэл улайрч намынхаа залууст ил шүүмжлүүлсэн байдаг. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Ерөнхийлөгчөөс Н.Энхбаяр л УИХ-д нэр дэвшсэн. Түүнээс бусад нь хүндэт проффессор зэрэг нэр хүндтэй ажил хийгээд улс төрөөс явж, бусдын хүндэтгэлийг хүлээн амьдарч байна. Гэтэл Х.Баттулга УИХ-д нэр дэвшиж бүлгийн даргын ажлыг хүртэл булаацалдан Булганд хүртэл очиж улс төрийг нь бужигнуулах нь түүний төлөвшил, ёс суртахууныг илтгэнэ.