"Э.Болормаа гишүүн гадаадын оффшор данстай компаниас санхүүжилт авсан үйлдлийг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой" гэв

"Э.Болормаа гишүүн гадаадын оффшор данстай компаниас санхүүжилт авсан үйлдлийг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой" гэв

УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн хууль зөрчсөн талаарх аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэд мэдээлэл хийлээ. 

Тэд "Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгууллага болон гадаадын санхүүжилттэй байгууллага, төрийн удирдлагын байгууллагуудаас хандив авахыг хориглоно гэдэг зүйл заалт зөрчигдсөн. Гэтэл Үндэсний аудитын газар энэ асуудал дээр ямар ч тодорхой шийдвэр гаргаагүй. Ийм ил тод, олон нийтийн анхааралд орсон асуудал дээр УИХ анхаарал тавихгүй байгаа нь харамсалтай. Э.Болормаагийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, түүнд хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Энэ үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан Аудитын байгууллага ч хариуцлага хүлээх ёстой. Хэрэв Э.Болормаа хууль зөрчсөн бол 6-аас дээш жилийн хорих ялын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Бид хуультай оронд амьдарч байгаа тул хуулиа дагаж мөрдөх ёстой. Э.Болормаа нь Сонгуулийн тухай хуулиар хориглодог гадаадын оффшор данстай компаниас санхүүжилт авсан үйлдлийг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой.

Төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын хуулиас давсан эрх ашигтай бүлэглэлийн гишүүн гэдгийг нотолж байна. Ийм үйлдэл гаргасан хүн ёс зүйтэй бол хууль зөрчсөнийг нь хүлээн зөвшөөрч, өөрийн сайн дураар огцорч, шалгуулъя гэдэг. Гэхдээ өнөөдөр энэ хүн ард түмнийг доромжилж байна. Тэр хүн өөрөө хэлэхдээ "хаанаас ямар мөнгө орж ирж байгааг би яаж мэдэх вэ" гэсэн. Мөнгөө ашиглахын тулд орж ирсэн мөнгө бүрийг хууль ёсны дагуу шалгаж, эх үүсвэрийг тодорхойлж байж ашиглах эрх нээгддэг. Харин хууль зөрчсөн тохиолдолд тэр мөнгийг ашиглах эрхгүй, эсвэл данс руу нь буцааж, эсвэл улсын орлого болгож хурааж авах хууль бий. Тиймээс энэ хүн төрийн эрхийг хууль бусаар авсан, хуулиа зөрчсөн учраас бид УИХ-ын гишүүн Э.Болормаа гэх хүнийг албан тушаалаас нь эргүүлэн татах ёстой гэж үзэж байна" гэлээ.