Сар шинийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх санал асуулгыг энэ сарын 13-15-ны өдөр иргэдээс авсан.
Санал асуулгад 3,013 иргэн оролцож, 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзаж, 8 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Санал асуулгын дүнд үндэслэн автомашины тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах албан ёсны шийдвэрийг одоогоор гаргаагүй байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдэгдэж буйгаар энэхүү санал асуулгын дүнг Засгийн газрын маргаашийн /2025.02.19/ хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ шийдвэр гарвал ирэх бямба гарагаас битүүний өдөр хүртэл буюу 02.21-28 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах юм.